Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан болон албаны бусад хүмүүс АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны газрын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн дэд захирал Эрин Шенк, ахлах зөвлөх Рачел Ирмен нарыг хүлээн авч уулзлаа. Тус багийнхан Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд техникийн туслалцаа үзүүлэх төслийн урьдчилсан судалгааны хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж байгаа юм.
Дэд дарга Д.Баярсайхан Монгол Улсад банкнаас бусад салбаруудын санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ бага боловч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хуулиар оноосон үүрэг хариуцлага дийлэнхдээ Хорооны зохицуулалтын хүрээний байгууллагуудад ноогддогийг онцлоод, иймд Хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх богино, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан Монголбанк болон бусад хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэлээ. Тэрээр, юуны өмнө богино хугацаанд Хорооны хянан шалгагч нар болон зохицуулалтын байгууллагуудын дээрх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг бүхий ажилтнуудын чадавхийг сайжруулах, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх зорилтуудыг төлөвлөн ажиллаж буйг дурдлаа. Харин дунд хугацаанд Хороо эрх зүйн орчин, програм хангамжийг сайжруулах, мэдээллийн баазыг өргөтгөх зэрэг зорилт тавьж буй юм.
Өнөөдрийн байдлаар Хороо болон Монголбанк хамтран мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй байгууллагуудын жагсаалтыг цахим хуудсаар тогтмол мэдээлэх, иргэдэд зориулсан цуврал богино нэвтрүүлэг бэлтгэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын үүрэг бүхий ажилтнуудад зориулсан сургалтыг эхний ээлжинд зохион байгуулахаар ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.