Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ


8 жил

Увс аймгийн Улаангом хотод “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо. Баруун аймгуудад мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун, баруун бүсийн цагдаагийн газруудын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нар, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, ахлах төлөөлөгчид болон сумдын хэсгийн төлөөлөгч оролцов.



Зөвлөгөөнд оролцогчид мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид зохион байгуулах ажлуудыг ярилцжээ. Өнгөрөгч оны сүүлчээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас 13 аймагт Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийг байгуулсан нь малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үр дүнгээ өгч байгаа юм.



Энэ удаагийн зөвлөгөөний үеэр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдыг манлайлан ажилласан Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Батжаргалыг Мөрдөн байцаах албаны даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулав.



Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж буй цагдаагийн алба хаагчдад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Цэдэнбал-100” хүндэт тэмдэг гардууллаа. Энэхүү шагналаар цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун, цагдаагийн хошууч Ж.Наранбаатар, цагдаагийн хошууч Н.Өлзийхутаг, цагдаагийн хошууч Д.Батхишиг, цагдаагийн ахмад Б.Ганболд, Завхан аймгийн ЗДТГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Үнэнхүү нарыг шагнав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү