БНСУ-ын Пёнчан хот Өвлийн олимпийн бэлтгэлээ амжилттай базааж байна

БНСУ-ын Пёнчан хот Өвлийн олимпийн бэлтгэлээ амжилттай базааж байна


8 жил

Дэлхийн сэтгүүлчдийн форум БНСУ-д дөрөвдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн. Энэхүү форумд дэлхийн 55 орны 90 гаруй сэтгүүлчид оролцож байгаа бөгөөд тэд Энхтайваны асуудалд сэтгүүлчдийн оруулах хувь нэмэр гэсэн сэдвээр форумаа зохион байгуулан, хэлэлцүүлэг өрнүүлсний дараагаар БНСУ-ын зарим хотуудаар аялж, Хан үндэсний уламжлал, түүх соёлтой танилцахын зэрэгцээгээр 2018 онд Өвлийн олимп болон өвлийн пара олимп болох Пёнчан хотын Олимпийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа.

Өвлийн олимпийг БНСУ-д зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ли Хи Беом /LEE Hee-beom/  өвлийн олимпийг зохион байгуулах Хяналтын төвд дээрээ олон улсын сэтгүүлчдийг хүлээн авч, олимпын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад харулт өгч, хамтдаа оройн зоог барьлаа.  Тус хяналтын төвөөс олимпийн бүтээн байгуулалтын үйл явцыг хянахын зэрэгцээгээр  ажлын гүйцэтгэл,  тооцоог нарийвчлан хянаж байдаг юм билээ. 


Өвлийн олимпийг БНСУ-д зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ли Хи Беом хэлэхдээ “Бид өвлийн олимпийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд Өвлийн олимпын эрх авсан 2011 оны долдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн  нарийн төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн. Өвлийн олимпийг улс орондоо зохион байгуулна гэдэг асар  нэр хүнд, бас өндөр хариуцлага. Бид өвлийн олимпын эрхийг авахаар 3 удаа өрсөлдөж 2 удаа өөр улсын хотуудад алдаж, нулимстай нүдтэй үлдэн байж гуравдах удаагаа дахин нэрээ дэвшүүлж  энэ эрхийг  авсан.  Пёнчаны өвлийн олимпийн цаг хугацааг бид нарийвчлан тоолж байна. Өнөөдрөөс яг 309 өдрийн дараа Өвлийн олимпийн нээлт болно. Өдөр бүр бүтээн байгуулалт, туршилт, сорилтууд явагдаж байна, өнөөдөр гэхэд л бид  26 дэх шалгалтаа даваад байна. Олимп зохион байгуулна гэдэг бол алхам тутамдаа хариуцлага, чанар, үр дүн, биднийг хүлээхгүй цаг хугацаа.  Олимпын ажлын бэлтгэл ажил  ямар ч алдаа эндэгдэлгүй цаг хугацаандаа багтаж явагдах ёстой. Цас болон мөсний чанар, үйл ажиллагааны чанарын  шалгалтыг бид даваад байна.



2018 оны хоёрдугаар сарын 09-27 -ны өдрүүдэд 17 хоног үргэлжлэн 16 төрлөөр өрсөлдөх  Өвлийн олимпын их наадамд 90 орны 50.0  мянга орчим тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс болон сэтгүүлч сурвалжлагчид оролцоно гэж бид төлөвлөж байгаа бол  мөн оны гуравдугаар сарын 3-19-ны өдрүүдэд  6 төрлөөр зохион байгуулагдах Паралимпийн  тэмцээнд 45 орны 3000 гаруй тамирчин, албаны хүмүүс, сэтгүүлчид Пёнчан хотыг зорьж ирнэ  гэж төлөвлөж байна.


Олимпийн бэлтгэл бол маш нарийн судалгаа тооцоо шаардсан нөр их ажил юм. Бид зөвхөн  олимпийн мөсөн төрлийн тэмцээн явагддаг хэсгийг бэлтгэхийн тулд энэ чиглэлд мэргэшсэн Канад улсын ажилтнуудыг урьж ажиллуулж байна. Мөсөн гулгуурын талбайн суурь гэхэд огт өө сэвгүй тэгш байх ёстой төдийгүй үүний тулд бид олон арван удаа талбайг засаж, мэргэжлийн байгууллагын шалгалтыг давах ёстой. Дөнгөж саяхан талбайн суурийн шалгалтаа бид даваад байна.



Одоо суурь талбай дээр мөс тогтоох ажил эхэлнэ. Мөс хөлдөөх, будалт хийх нь нарийн технологийн дагуу явагддаг. Энэ бүхнийг би хэлж байгаагийн учир нь өвлийн олимпын  бэлтгэл ажил бүхэн нарийн тогтоосон тооцоо судалгааны дагуу ямар ч алдаа мадаггүй явагдах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм. Одоо бидний өмнө маш хариуцлагатай ажлууд үлдлээ. Бид ажлаа өдөр, цагаар нь төлөвлөж,  төлөвлөгөөнөөс  жаахан ч гэсэн ажил хоцрох үндэслэл гаргахгүй ажиллаж байна. Ингэснээр бидний барьж байгуулж байгаа барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг Олимп эхлэхээс өмнө төлөвлөсний дагуу 100 хувь дууссан байх болно. Өвлийн олимпийн юу нь чухал вэ гэж та бүхэн надаас асуувал “соёл” гэж хариулна.  





Бид Солонгос улсын соёл, уламжлал, түүхийг харуулахаас гадна олимпын гол уриа болсон Энхтайваныг эрхэмлэх үйл хэргийг нийтэд хүргэхийг эрхэмлэнэ. Манай улсад зохион байгуулагдах Өвлийн олимпийн бүхий л бэлтгэл үйл явц байгальд хамгийн ээлтэй хэлбэрээр зохион байгуулагдана. Дэлхий дахинд экологид ээлтэй Ногоог орчин гэж их яригдах болсон шиг бид олимпийн бэлтгэл ажил болон бүхий л явцад байгальд ээлтэй технологид суурилсан ногоон орчинг дэмжих хэлбэрээр явуулж байгаа.

Пёнчаны өвлийн олимп нь Ази тивд  болох  олимпын олон наадмын эхлэл болж байгаараа онцлог байгаа юм. 2020 онд Японд зуны олимп, 2022 онд Хятад улсад өвлийн олимп болно. Энэ утгаар нь бид Пёнчаны өвлийн олимпыг Азийн олимпийн эрин зууны эхлэл гэж хэлж болох юм.

Өвлийн олимпын бэлтгэл ажлын хүрээнд Олимпын хорооноос тавьсан стандарт шаардлагад нийцсэн  12 томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Пёнчаны өвлийн олимпын бамбар жилийн турш аялна. Бидний хэрэгжүүлж эхлэсэн нэг томоохон ажил бол Пёнчаны өвлийн олимпийн тасалбарыг  борлуулах ажлын дэлхий нийтийн хэмжээнд эхлүүлэх бэлтгэл ажлаа базаагаад байна. Өвлийн олимпийн дэмжигч байгууллагаар Coka cola, Toyota, Samsung, Omega зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Бид одоогийн байдлаар өвлийн олимпийн бүтээн байгуулалтын зардалд 2 триллион вон зарцуулахаар төлөвлөсөн байсан ч дэлхийн эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан  2.8 триллион вон  зарцуулахаар болоод байна” гэсэн мэдээллийг сэтгүүлчидэд өгсөн юм.

Уншигч та бүхэн Пёнчаны өвлийн олимпийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  www.pyeongchang2018.com-д хандана уу...

Ц.Мөнх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү