Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурлаа


8 жил

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Энэхүү олон улсын хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерыг Шадар сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр Шадар  сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хоорондын 2018 онд Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг хамтран зохион байгуулах тухай хамтарсан мэдэгдэлд миний бие Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Доктор Роберт Глассер нь НҮБ-ыг төлөөлж сая гарын үсэг зурлаа. Энэхүү хамтран ажиллах тухай мэдэгдэл нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад хоёр талын хариуцах чиглэл, хүлээх үүргийг тусгасан баримт бичиг юм. Манай хамтын ажиллагааны гол зорилго нь Азийн бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт мониторингийн чадавхийг нэмэгдүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байна” хэмээн онцоллоо.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гэдэг бол бүс нутгийн гамшгийн эрсдэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хамгийн том арга хэмжээний хувьд бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах тэр дундаа хүний амь нас алдах хоргодлыг багасгах чиглэлээр бүс нутгийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтарсан стратеги боловсруулах, хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэх томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Монгол Улсыг бол бид гамшгийн эрсдлийг бууруулах салбарт томоохон дорвитой амжилтууд гарган ажиллаж байгаа орны хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүний илрэл нь Монгол Улсын Их Хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлан гаргасныг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Ирэх тавдугаар сард Мексик улсад гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулган болно. Энэхүү хуралд дэлхийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх орнуудын төлөөлөгч оролцоно. Монгол Улсыг төлөөлж Шадар сайд У.Хүрэлсүх оролцох болсонд таатай байна. Түүнчлэн Монгол Улсад 2018 онд болох  гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  бага хурал зохион байгуулагдах болсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Цаашдаа гамшгийн эрсдэлийг бууруулахад бүхий л талаар хамтран ажиллах болно” хэмээн онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү