Хонконгт болсон дуудлага худалдааны үеэр “Pink Star” нэртэй алмаз 71 сая ам.доллараар худалдаалагдсан нь түүхэн дэх хамгийн өндөр үнээр борлогдсон үнэт чулуугаар тодорч, алмазны түүхэнд үнийн шинэ рекорд тогтоолоо.
Ягаан өнгийн, зууван хэлбэртэй, 59.6 каратын уг алмаз анхны үнэ дуудаж эхэлснээс хойш ердөө таван минутын дараа худалдаалагдсан байна. Үнэт чулууг Хонконгийн “Chow Tai Fook” үнэт эдлэлийн дэлгүүрийн борлуулагч худалдан авчээ. “Pink Star” гэх энэ чулууг анх 1999 онд Африкийн нэгэн уурхайгаас “De Beers” үнэт эдлэлийн компани илрүүлж байсан гэнэ. Чулуу анх 132.5 карат байсан бөгөөд эцсийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн болгохын тулд хоёр жилийн турш урлаж 59.6 карат болгожээ.
Чулууг 2013 онд Женевт 83 сая ам.доллараар худалдаж байсан ч худалдан авагч нь төлбөрийн асуудлаас болж буцааж байсан байна. Тиймээс өнөөг хүртэл дэлхийн хамгийн үнэтэй худалдаалагдсан алмазны рекордыг өнгөрсөн тавдугаар сард 50 сая ам.доллараар үнэлэгдсэн “Oppenheimer Blue” эзэмшиж байсан юм.