Хөвсгөл аймгийн 12 сум зудтай байна

Хөвсгөл аймгийн 12 сум зудтай байна


8 жил

Хөвсгөл аймгийн нийт нутгаар хаваржилтын байдал  хүндэрч, илүү хүнд байдалтай  4 сум, хэвийнхээс илүү хорогдолтой 8, нийт 12 сумын нутаг зудтай  байна. Жилийн  4 улирал мал сүргээ өсгөн үржүүлж, аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулан зүтгэж буй малчин түмэндээ халуун сэтгэлээр туслах, малчдаа дэмжих “Нэг сэтгэл” хандивын аяныг 2017 оны 03 сарын 27-ны өдрөөс өрнүүлж эхлээд байна.

Малчин түмэндээ цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материал, ахуйн болон хүнсний хэрэглээний эд зүйлс,  өвс тэжээл, мөнгөн дэмжлэг үзүүлж  туслахыг  иргэн, хувь хүн,  аж ахуйн нэгж,  төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагууд,  аймаг сум, багийн  ИТХ-ын төлөөлөгчдөдөө уриалж байна.

Бид  аяны хүрээнд цугласан хандивыг хамгийн ихээр зуданд нэрвэгдсэн малчид болон зудтай сумын малын тоо толгой багатай, мал маллагаанд хүн хүч дутмаг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулж, малчдад туслах сайн дурын хандивын аянд нэгдсэн бүх ААНБ, иргэдийг алдаршуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд эерэг зөв мэдээлэл хүргэх, малчдад сэтгэлийн дэм өгөх ажлыг зохион байгуулах болно.

Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдож, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндэрсэн энэ үед бидний чин сэтгэлийн туслалацаа малчдад хэрэгтэй байна.

Хөвсгөлчүүд та бүхнийг малчдаа дэмжих “Нэг сэтгэл” хандивын аянд нэгдэн  бие биедээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулахад хамтдаа байж, нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна.

Хөвсгөл аймгийн Онцгой комисс 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү