Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хаврын анхны чуулган эхэлж байна.
Намрын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймгийн 250 гаруй сум, нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй мянган иргэдтэй уулзан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцож, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг таниулан сурталчилсан байна. Энэ бол төр түшсэн эрхэм түшээд та бүхэн хийх ёстой нэг чухал ажлаа боломжийн үр дүнтэй гүйцэтгэсний баримт юм. Иргэд юу хүсэж байна вэ гэдгийг тэдгээр олон тооны уулзалтуудаас товчлон тоймловол дараах байдалтай байна.
Монголын ард түмэн өнгөрсөн сонгуулиар та бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн. Тэр хэмжээгээрээ алгуурлаж суулгүйгээр, аль болох богино хугацаанд сайн сайхан зүйл бүтээхийг хүлээж байна. Хүлээлт нь хүссэнд нь хүрэхгүй байгааг шүүмжилж байна. Гэхдээ итгэсэн хэвээр байгаагаа илэрхийлж байна.
Гал тахиа жилд эдийн засгийн хүндрэлээс гарч, улс орон, айл гэр, хүмүүсийн амьдрал ахуй сайжирна гэсэн бэлгэ ерөөл зонхилж байна. Сайн сайханд хүрэх замд сахилга хариуцлагагүй байдал, албан тушаалын өрсөлдөөн, улстөржсөн талцал гай болж мэднэ гэдгийг сануулж байна.
Та бид түмэн олныхоо итгэл найдварыг хором зуур ч мартах эрх байхгүй. Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа та биднийх. Энэ хариуцлагыг бид л үүрнэ. Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх тухай ойлголт байхгүй ээ. Энэ удаагийн УИХ Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй хэмээн хүсэж байна.
Эрхэм гишүүд ээ,
УИХ хэдхэн сарын өмнө 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй 5 төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан билээ. УИХ-ын энэ бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүү-эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ.
Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам. долларын ханш тогтворжиж байна.
Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь болоод байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын төлбөрийг хөрвүүлж, “Хуралдай” бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам. долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо боллоо. УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталж, төлбөрийн чадварыг нь сайжруулах шийдвэртэй алхам хийсэн нь ийм эерэг үр дагавар гарахад зохих түлхэц болсон.
Өнгөрсөн долоо хоногт миний бие Япон Улсад албан ёсны айлчлал хийж, Бангладеш Улсын нийслэл Дака хотноо болсон Олон улсын парламентын холбооны 136-р чуулганд оролцон, Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалах болж, дэлхийн олон улс орны парламентын тэргүүн, төлөөлөгчидтэй уулзлаа. Тэд хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.
Эдгээр эерэг өөрчлөлт нь амжилт хэдий ч нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн тогтолцооны асуудлыг шийдвэрлэж, цаашдын тогтвортой өсөлтийн зам руу буцахад хангалтгүй юм. Сүүлийн жилүүдэд замбараагүй зээлж, бодлогогүй зарцуулсны уршиг, өрийн дарамт байсаар байна. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээрх үлдэгдэл 18.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 76.9 хувьд хүрч, зээлийн хүүгийн зардалд 2017 оны төсвийн жилийн батлагдсан зардлын 16 хувийг буюу 1.3 их наяд төгрөг төлөхөөр болоод байна.
Засгийн газар, Монголбанкнаас Олон Улсын Валютын Сантай чамгүй урт хугацаанд, амаргүй яриа хэлэлцээр хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энэ дашрамд Монгол Улсын ардчилсан шинэтгэлийг гүнзгийрүүлэх, учирсан саад бэрхшээлийг гэтлэн давах чиглэлээр байнга зөвлөж, дэмжиж байдаг найрсаг харилцаат улс орнууд, олон улсын түнш байгууллага, тэдгээрийн элч төлөөлөгч нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй.
Эрхэм гишүүд ээ,
Төрийн түшээ нар аа,
Эх оронд минь хавар цаг ирж байна. Өсөн төлжиж, үржин дэлгэрэх, дулаан зөөлөн улирал айсуй. Гэхдээ хавар хавсаргатай байдгийг санагтун. Хаврын хавсарганд хавирга нэвт жиндэхгүйн тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Зүтгэлийн үрээр амжилт олдог, хаврын дараа зун болдог билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд саяхан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагатай уулзах үеэрээ хийх ажил, бодлого зорилт, баримтлах зарчмаа тодорхойлсон. Эдийн засаг “эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн” бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, “эмнэлгээс гаргах” гол ажлыг энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай.
Дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөн, ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон, гадаад орчинд эерэг хандлага гарч байгаа, улсын төлбөрийн чадвар сайжирсан, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол дахин нэмэгдэж байгаа зэрэг тааламжтай нөхцөлийг бид алдаж болохгүй. Уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөх шийдэмгий, тодорхой алхмыг чухамхүү энэ хавар л хийх шаардлагатай.
Монгол Улс “Чалько”-д тавьсан өрөө төлж дууслаа. Засгийн газраас зөв менежмент хэрэгжүүлснээр үлдээд байсан өрийг богино хугацаанд барагдуулж чадлаа. Одоо Тавантолгойн нүүрснээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно. Энэ талаар ард түмэндээ амласан зүйл ч бидэнд бий. Цаашид ямар арга замаар, хэрхэн ашиглах асуудлаа нэг мөр болгомоор байна.
Царигийн хэмжээ, цацсан хөрөнгө тойрсон ярианаас цаашгүй байгаа төмөр замын талаар оновчтой шийдвэр, бодит үр дүн гаргах цаг болсон. Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоол энэ ажлыг зөв замд нь нэг мөр чиглүүлэх гол хөшүүрэг болох учиртай.
Энэ онд 1200 гаруй км төмөр зам барих төслийн ажлыг эхлүүлж, 1400 гаруй км хатуу хучилттай зам, 640 уртааш метр төмөр бетон гүүрийн төсөл үргэлжлэн хэрэгжих ёстой. 430 км авто замын барилга, их засварын ажлыг шинээр эхлүүлнэ, цахилгаан, дулаан хангамж, эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төслийг эхлүүлж, барьж байгуулна гэж төлөвлөсөн. Эдгээр болон бусад бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлмээр байна. 2017 оны эхний 3 сард зарлах ёстой 3030 тендерээс 753-ыг зарласан буюу төлөвлөсөн ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Сонгон шалгаруулалт удаашрах тусам тендер буруу замаар ордог, булхай будлиан нэмэгддэг, хөрөнгө санхүү тарамддагийг бид сайн мэднэ.
“Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх, зэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах гэх мэт ирээдүйд чиглэсэн, эдийн засгаа тэтгэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн төслийн зэрэгцээ хаврын тариалалт, мал төллөлт зэрэг цаг үеийн чухал ажлууд шил шилээ даран хүлээж байна. Бодлого зорилт, хөтөлбөр төслөө хугацаанд нь, чанартай, зөв зохион байгуулалт, сайн менежементээр ханган хэрэгжүүлэхэд Засгийн газар урьд урьдынхаас илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна.
Дотоодын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж олон улсын стандартыг нэвтрүүлэх, өрсөлдөөн бий болгох, үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг УИХ энэ чуулганаараа батлан гаргах шаардлагатай.
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, малчин өрхийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудал амьдралаас урган гарч байна. Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл нь мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, дунд хугацаанд гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Эрхэм түшээд, төрийн албан хаагчид аа,
Монголын ард түмэн биднээс сахилга хариуцлагыг, ёс жудгийг нэхэж байна. Төрийн алба, төрийн албан хаагчийн чадавхи сулралд орж болохгүйг сануулж байна. Үүрэг хариуцлагатаа эзэн болж, мэдлэг боловсрол, туршлага чадвараар шигшигдсэн, төр түмэндээ үнэнчээр зүтгэж, тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч цөөрлөө хэмээн иргэд шүүмжилж байна. Энэ гашуун ч гэлээ гарцаагүй зөв сануулгыг урьдын адил нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж болохгүй.
Сонгууль болгоны дараа хийгддэг төрийн албаны халаа, сэлгээ, томилгоо бараг байх ёстой хэм хэмжээ, журам дүрэм болж хэвшихэд хүрлээ. Намын нэрээр гул барьж, төрлийн болон бүлэглэлийн хэлхээгээр төрийн албыг торлох үзэгдэл байсаар байна. Төрийн албан хаагчдын дунд сонгуулийн мөчлөгөөр л ажиллах сэтгэхүй энгийн зүйл, хэвийн үзэгдэл болтлоо даамжирлаа. Үүнийг даган төрийн ажлын тогтсон дэг жаяг алдагдаж байна. Энэ байдлыг халахгүй бол мөнгөтэй, баялагтай байлаа гээд бид хөгжихгүй, урагшлахгүй.
Төрийн алба улс төрөөс ангид, шударга, ил тод байж, ард түмэнд үйлчлэх ёстой гэж өнгөрсөн жилүүдэд ярьсаар л байсан. Гэвч асуудлын гол зангилаа, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоос зайлсхийж, эсхүл мэдсэн хэр нь дорвитой арга хэмжээ авахгүй явсаар өнөөг хүргэлээ. Төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдсэнгүй. Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлбэрийн төдий үнэлдэг, ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоо сул, төрийн албанд авлига, хүнд суртал амь бөхтэй оршсоор байгаа нь нууц зүйл биш ээ.
Энэ хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Төрийн албанд ажлын үр дүнгээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, эсхүл хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог хуульчилна. Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг мөн баримтална.
Төрийн албаны шинэтгэлийн салшгүй хэсэг бөгөөд нийгмийн бүх салбарт хамаарах суурь асуудал бол төрийн албыг авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах явдал юм.
Төр улсын хөгжил дэвшлийг, түмэн олны ирээдүйг, эцэстээ оршин байхуйн үндэс тулгуурыг мэрж залгидаг авлигын араа шүдийг авч хаяхгүй бол хэчнээн их хөрөнгө цутгаж, ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлээд нэмэргүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Нэгэнт ойлгосных, одоо тэмцэх ёстой. Энэ тэмцэлд хамгийн хатуу зарчмыг баримтлахаас өөр аргагүй.
Энэ УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш 5 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна.
Мөн түүнчлэн бизнес эрхлэхэд байнга хэрэглэдэг хууль тогтоомжуудыг татвар, гааль, санхүү, даатгал, бүртгэл, тусгай зөвшөөрөл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг салбар бүрээр шүүн судалж, хүнд суртал үүсгэн, хээл хахуулийн нөхцөлийг бүрдүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хүчингүй болгох, цаашид эрх зүйн орчныг сайжруулан, түүнийгээ тодорхой хугацаанд, тогтвортой мөрдөх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг Засгийн газарт анхааруулж байна.
Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.
Эрхэм нөхөд өө,
Хууль, тогтоол батлаад орхих нэг хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол тэр ердөө л цаас болдог. Баталсан хууль тогтоолыг төрийн байгууллага, албан тушаалтан ягштал хэрэгжүүлдэг, тэрхүү хууль тогтоомж нь ард иргэдийн амьдралд хүрч үйлчилдэг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газар хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах үүрэгтэй гэж тодорхой заасан. Үндсэн хуульд заасан энэхүү үүргийн биелэлтийг УИХ алхам тутам Засгийн газраас шаардаж ажиллах болно. Засгийн газар өөрийн гаргасан тогтоол шийдвэрийнхээ биелэлтэд тавих хяналтыг ч чангатгах шаардлагатайг анхааруулъя.
Иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстойг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн асуудалд хандахыг УИХ-ын гишүүдээс хүсье.
УИХ-ын энэ удаагийн хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэд сонгогчид, улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийг эрхэмлэн оролцдог уламжлалтай. Энэ уламжлал хадгалагдаж, Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллага сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулна гэдэгт итгэж байна.
Эрхэм гишүүд ээ,
УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлах хууль тогтоомж, шийдвэрүүдэд иргэд, олон түмнийхээ санал, бодлыг өргөнөөр тусгаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээс хүсье.
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.