Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙН УИХ-ын 2017 оны Хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгийг уншигч та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Эрхэм гишүүд ээ,
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улс хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ. Шийдвэр гаргагчид чухал шийдвэр гаргах хэрэгтэй боллоо гэсэн үг. Улсын Их Хурлын энэ удаагийн бүрэлдэхүүнд их итгэл тавьж байгаагаа би өмнө нь хэлж байсан. Та бүхэн бол Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш миний хамтарч ажиллаж байгаа Улсын Их Хурлын гурав дахь бүрэлдэхүүн. Аливаа парламентын зорилго нь тулгамдаж байгаа асуудалд хамгийн үр дүнтэй шийдэл олоход л оршдог.
Ямар асуудлыг яаралтай, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна вэ?
Нэг: Хариуцлагын асуудал. Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.
Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.
Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага байгаа юм. Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй.
УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хууль бий болж байж, тэр нь тэгш хэрэгжиж байж төрдөө итгэх ард түмний итгэл бага ч болов сэргэнэ.
“Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.
Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Эрх баригч хүчний сонгуулийн амлалт, хөтөлбөр бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Монголын ард түмний өмнө дээд хариуцлагыг энэ УИХ, Засгийн Газрын бүрэлдэхүүн хүлээж байгаа.
Хариуцлага бол мэдрэгдэж байж хэрэгждэг зүйл. Хариуцлагыг мэдрүүлэхийн тулд хариуцлагын хуулиа баталж мөрдөхөөс өөр гарц байхгүй. Өнөөгийн эрх баригчид энэ ажлыг хийж чадахгүй бол дараагийн эрх баригчид энэ ажлыг амлаж авч хийх нь ойлгомжтой.
Эрхэм гишүүд ээ!
Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна. Үүнийг би хоёрт нь онцолж хэлье гэж бодсон юм. Манай төр эдийн засгаасаа томорсон. Том төрийнхөө ачааг эдийн засаг нь даахгүй байна. Төсвийн алдагдал, төрийн өрийн хэмжээ, бизнесийн салбарын уналт, ард олны бухимдал, амжиргааны доройтол бүхэн дээдэхийн илрэл юм. Төр бизнес хоёрыг салгахгүйгээр энэ байдлыг засах аргагүй.
Засахын тулд: (үсгээр дугаарлаад хэлчихье)
А; Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон. Албан тушаалтны шийдвэр, тамганы дардас, гарын үсэг бүхэн бизнес болсон. Манай төрийн байгууллагууд жинхэнэ утгаараа төрийн байгууллага байхаа больсон. Бүгдээрээ шахам төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болж хувирсан. Иймээс хямралыг давах гэвэл төр бизнес хоёрыг салгах хэрэгтэй.
Б; Дээрхи байдлыг өөрчлөхийн тулд өмнө явж ирсэн буруу бодлого, үйл ажиллагааг давтаж болохгүй. Урьдах бурууг нь давтуулах гэж эрх баригчдыг шинээр ард түмэн сонгодоггүй. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой. Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.
В; Сайд гэж манайд сүрхий гажуудсан албан тушаал байна. Ер нь сайдын албан тушаал бол эрхэлсэн сайдын хэмжээнд л байх хэрэгтэй. “Яамны” гэдэг үгийг сайд гэсэн гуншингийн өмнөөс авч хаясан нь тийм л учиртай. Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг ч болиулах нь зүйтэй. Сайд тушаал захирамж гаргах эрхгүй. Тэр бүхэн төрийн захиргааны мэргэжилтэн – Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хадгалагдах учиртай. Сайд бол ирдэг, буцдаг. Төрийн мэргэшсэн алба үлддэг байх ёстой.
Г; Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг давтан хэлье. Аж ахуйтай орооцолдсон төр, сайд, дарга нар хагарал зөрчил, хэрүүл тэмцэл, авлига албан тушаалын гэмт үйлдлээс ангид байж чаддаггүй юм. “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй.
Д; Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Бүгдийг олон нийтийн хяналтад оруулж, шилэн болгох хэрэгтэй. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.
Е; Төрийн бүх шатны албан хаагч, албан тушаалтны ажиллах орон зай, өрөөний хэмжээ, унах дуудах унаа машин, оролцох эс оролцох, төрөөс зардал гаргах эс гаргах бүх зүйл, үйл ажиллагааны стандарт, журам, хязгаарлалт хоригийг тогтоож хатуу мөрдөх хэрэгтэй. Өрөөгөө тансаглаж томруулж зассан бол, албаны унааг хэрэглэх ёсгүй зүйлд унасан бол, компьютерээ буруу зүйлд ашигласан бол ажлаасаа халагдах л ёстой. Хариуцлагатай төрийн ажил эндээс л эхэлдэг.
Ё; Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “үр ашиг” гэдэг нэг л хэмжүүрээр дүгнэе. Хэрэв энэ хэмжүүрт хүрэхгүй бол өмчлөл, удирдлагыг нь өөрчил. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь улс төрийн албан тушаалтнууд, тэдний тойрон хүрээлэгч, даган баясагчдыг хөрөнгөжүүлдэг үүр уурхай болсон. Төрийн өмчийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлдэг олон улсын сайн жишгийг нутагшуулахаас энд өөр гарц байхгүй.
Монголын төр эдийн засгаасаа томорсоны үндсэн шалтгаан бол төр эдийн засгийн харилцаанд гоцлон тоглогч болж хувирсанд байгаа юм. Төр уг нь эдийн засгийн талбайн гадна зохицуулагч байх замыг бид сонгосон. Төр тоглогч болохоор л, ашиг орлого хөөцөлдөгч болж хувирхаар л эдийн засгийн харилцаа “найр” болж, хулгай болж дампуураад байгаа юм. Төрөөр хөлжиж мэргэшсэн улс төрчид хувалз адил төрөөс салахгүй, түүнийг харж шунасан хэсэг нь салхинд туугдсан хачиг адил төр рүү зүтгэсээр байгаа юм. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр бол хүнээс бүхнийг булааж дуусдаг.
Аль ч оронд эрх баригчид нь хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн анархистууд байж болохгүй. Улсаа сүйрүүлэгч төр, ард түмнээсээ дэмжлэг авах тухай ойлголтод багтахгүй. Мөнгөнд шуналтсан дарга нар Монголыг өөд татаж чадахгүй. Энэ байдлыг ойлгохгүйгээр, засахгүйгээр манай эдийн засаг хямралт байдлаасаа ангижрахгүй. Өнөөдрийн авч байгаа “аргагүй” зээл маргааш үед өр ачаа болж хуримтлагдсаар л байх болно.
Эрхэм нөхөд өө!
Гурав дахь онцлох гэсэн санаагаа хэлье. Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо бол төсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу мөрдөх ёстой.
Мөн төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй. 2006 оноос хойш 10 жилийн дотор манай төрийн албан хаагчдын тоо гуравны нэгээс дээш буюу 60 гаруй мянгаар нэмэгджээ. Энэ хэрээр төрийн бүтэц, орон тоо, ачаалал тэлэн данхайжээ. Монгол Улс энэ байдалд анхаарал хандуулахгүй бол “Заан биетэй, хулгана хөлтэй” төрийн албатай болох нь.
Энд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зарим асуудал байна. Үүнд:
1. Төсвийг хасах. Төрийн албыг томруулахгүй байх сонгодог арга бол төсвийг хасах. Тал хувиар нь хасаад өгөх хэрэгтэй. Батлагдсан төсвөөрөө өгөгдсөн үүргийг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлдэг зуршилд суралцъя. Би өөрөөрөө жишээ авахад жил бүр 60 хувиар хассан төсөвтэй сүүлийн 4 жил ажиллаад болж л байна. Ерөнхийлөгчийн төсөвт зардал 11 тэрбумаас 4 тэрбум болтлоо буурсан. Муудсан л юм алга. Ажиллаад болж л байна.
2. Төрийн бүх шатанд төрийн албан тушаалтан ганцаарчилж тушаал, захирамж, шийдвэр гаргадгийг хуулиар хязгаарлая. Тэр тусмаа хэм хэмжээ тогтоосон, төсөв орон тоо нэмсэн шийдвэр шинээр гаргахыг хориглоё. Энэ чиглэлд захиргааны ерөнхий болон шилэн дансны хуулийн боломж, зохицуулалтыг ашиглах хэрэгтэй.
3. Төрийн албаны хуулийг шинэчлэн баталж хэрэгжүүлэх. Төрийн албанд байж болох муу жишиг, муу бүхнийг манай улс төрчид хийж дууссан. Одоо Монгол төр төрийн алба шиг албатай болох цаг ирсэн. Төрийн албаны хуулийн шинэ төсөлд өнгөрсөн хугацааны алдаа сургамж, авч мөрдөхөд нийцэлтэй зарчим, шаардлагууд тусгалаа олсоныг энэ дашрамд хэлье.
4. Төрийн албан хаагчдыг ёс зүйн нэгдсэн дүрэмтэй болгох ажлыг хойшлууламгүй байна. Төрийн албыг сайжруулах талаар парламентын намын гол амлалт чухам үүнд чиглэдэг. Ерөнхий сайд нь томилогдсон даруйдаа төрийн албанд мөрдөх ёс зүйн дүрмийг гарын үсэг зурж баталгаажуулдаг. Төрийн албан хаагчдын ёс зүй чангарах тусам төрийн алба чамбайрдаг, нэр хүнд, хариуцлага нь дээшилдэг. Эрхээр засаглах, хуулиар засаглах, ёс суртахуунаар засаглах хэлбэрийн эхний шатнаас бид дараагийн шат руу шилжих гэж оролдож байгаа юм. Одоо ёс зүйн хэмжүүрийг төрийн албанд авч ирэх цаг болсон. Үүнийг Ерөнхий сайд гардан хийх бүрэн боломжтой.
5. Төрийн зардал эрс нэмэгдсэний суурь нэг шалтгаан бол манай төр бүхэнд өөрөө оролцдог, оролцож хийх гэж зүтгэдэгт байгаа юм. Ухаалаг төр бол бусдаар ажил хийлгэдэг. Төрийн ихэнх ажил үйлчилгээг түрээсийн горимд шилжүүлэх боломжтой тухай бид өмнө нь ярьж тохирсон. Энэ талаар гарсан санаачилгын эмхэтгэл Та бүхэнд хүргэгдэж байгаа. Мөн энэ эмхэтгэл манай president.mn хуудас дээр цахим хэлбэрээр бас бий. Энэ санаачилгыг намын бүлгүүд дэмжсэн. Хэрэгжүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоол гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төрийн бүх салаа мөчирт хэрэгжүүлэх зөвлөмж, чиглэл өгсөн. Энэ бол Та бидний хамтын бүтээл, нэгдсэн зорилго. Хэрэгжилтийг нь түргэтгэх хэрэгтэй.
Хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай, мэргэжлийн төрийн албагүйгээр Монгол Улсын урагшлах хөгжлийг төсөөлөх аргагүй юм. Сонгуулийн мөчлөг бүртэй давхцаж ирдэг дайрлага энд эцэс болох ёстой. Улс төрийн хүрээний завхрал, ялзрал нь төрийн албаа сүйтгэдэг, энэ байдал нь эргээд улс үндэсний аюулгүй байдлыг сулруулдаг гажуудлыг засах ёстой. Өнөөгийн эрх баригчдын ул суурьтай шийдвэрлэх асуудлын нэг бол энэ мөнөөсөө мөн.
Эрхэм гишүүд ээ!
Өнөөдөр миний хэлэх гэсэн дөрөв дэх санаа бол намтай холбоотой юм. Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Манай намууд иргэний улс төрийн эрхийг төлөөлөхөө болиод удаж байна. Явцуу сонирхол, хариуцлагагүй байдлыг өөгшүүлэгч тусгай давхарга болж хувирсан. Иргэдийн уур бухимдлын бай бол чухамдаа улс төрийн нам, тэнд тогтсон буруу хандлага болоод байна.
2016 оны УИХ-ын сонгуулиар нийгэмд болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл зорилготой сонгогдсон олон эрхэм гишүүн энд бий. Энэ олон болохгүйн үүдэл улс төрийн намтай холбоотойг Та бүхэн сайн мэднэ. Би та нарын оронд байсан бол Улс төрийн намын тухай хуулийн төсөлийг хамгийн түрүүн барьж авах байсан.
Миний санаачилсан хуулийн төсөл эргэж буцаад батлагдахгүй байсаар удлаа. Уг санаачилгатай танилцаад Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуай хэлж байсан. “Энэ хуулиар ирэх өөрчлөлт бол 1990 оны ардчилсан хувьсгалын ач холбогдолоос дутахгүй” гэж. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуучирсан хууль энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
Аливаа манлайлагчийн түүхэн үүрэг бол болохгүй байгаа мууг мэдсэн даруйдаа өөрчлөхөд, сайжруулахад оршдог. Муу эрх баригч бол урьдахынхаа алдааг өөрийнхөөрөө давтдаг. Сайн зүтгэлтэн бол хэцүү ч, бусдын зүрхшээдэг асуудлыг барьж авч шийдэлд хөтөлдөг.
Мөнгийг ямар ч дарга хувааж чадна. Албан тушаалтныг улс төрийн өнгөөр сольж чадна. Нугалаа шахааг хийнэ. Энэ бол эрх баригчдын дуртай, хийж чаддаг ажил. Харин өөрийнхөө бойжсон орчныг, тэр тусмаа улс төрийн орчныг өөрчлөх, шинэчлэх бол амаргүй. Дасал болсон мууг өөрчлөх бол хэцүү. Амаргүй шийдвэр гаргахад л Та бүхний түүхэн үүрэг оршиж байгааг дахин сануулъя.
Иргэдийн улс төрийн эрхийн хэрэгжилт манай улсад бодит байдлаар байхгүй болж байна. Үүнийг зөвхөн намаар дамжуулж хийх оролдлого хаа сайгүй бүтэлгүйтсээр байна. Харин иргэдийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг байж болох бүх сувгаар нээх нь тухайн улс нийгмийн хөгжил дэвшлийг нөхцөлдүүлэх хүчин зүйл болж хувирч байна. Бөмбөрцөгийн улс төрийн энэ хандлагыг аль нэг улс, тэр дундаа Монгол Улс тойрох боломжгүй.
“Монгол Улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож . . . эрхээ эдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим манай нийгмийн амьдралд бүрэн биелэлээ олохгүй удаж байна. Иргэдийнхээ эрхийг зөвхөн төлөөллөөр хэрэгжүүлэх боломжгүй цаг үе ирж байна. Иргэд оролцох зүйлээ мэддэг, оролцож байж эрх ашиг нь тусдаг, биелдэг бодит хандлагаас аль ч орны бодлого тодорхойлогчид зайлж чадахгүй болсон. Энэ зайлшгүйг мэдрэх, түүнийг хийх манлайлал, үлгэрлэл ирэх цагийн улс төрийн өнгийг тодорхойлох болно.
Эрхэм нөхөд өө!
Тавд нь хэлэх гэсэн санаа бол Засгийн Газартай холбоотой юм. Бид бүгд л байдал ямар байгааг амьдралаараа туулж яваа. Гүйцэтгэх засаглалаа чадавхтай болгохгүйгээр манай улс тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Энэ дүгнэлт бол нийтлэг боллоо. Монгол Улс боломжгүй орон биш. Харин тэр боломжыг ашиглах чадвар гүйцэтгэх эрх мэдэлд дутагдаж байна.
Бидний байгуулах гэж оролдож буй нийгэмд давуу тал бий. Тэр бол нээлттэй байдал. Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй далай шиг олон санаа, сайн эхлэл байна. Харин түүнийг ажил хэрэг болгох, манлайлах учиртай манай гүйцэтгэх эрх мэдэл бяд муутай байна. Бяд муутай засагтай Монголчууд бид хол явахгүй. Хол явах биш, одоо бол бүр урагшлахаа ч болилоо.
Чадвартай Засгийн газар л улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чаддаг. Чадвартай Засгийн ажлаас үр дүн гардаг. Үр дүн нэхэж шаардаж болдог. Чадвартай засаг л хариуцлагатай байдаг. Хариуцлагатай засагт түншүүд нь итгэдэг.
Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Аль ч засгийн хувьд. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга. Хэн нэг хүнээс биш, тогтолцооноос хамаарсан энэ гажгийг манай шийдвэр гаргагчид засаж л таараа. Харин хэзээ вэ! Үүнийг засах нөхцөл цаг хугацааны хувьд ч, ойлголтын хувьд ч, улс төрийн хувьд ч бүрэн бүрэлдсэн гэж би харж байна.
Цаг алдвал бүхнээ алддаг амаргүй үнэнтэй бид нүүр тулж байна. Цаг их алдана гэдэг бол их боломж алдаж байна гэсэн үг. Нэг ажлыг хоёр ба түүнээс дээш хийнэ гэсэн үг. Үргүй зардалдаа шатна гэсэн үг. Улсаараа шаварт суучихсан байсан ч гүйцэтгэх засаг нь гүйж л байх ёстой. Айл гэр ч, улс орон ч ажлаа ингэж зохион байгуулдаг эринд бид амьдарч байна. Хөл дээрээ босож ядаж байгаа орны хувьд чадамж муутай Засагтай бидний байдал улс оронд маань бүр ч хорлонтой туссаар байгаа юм.
Засгийн газар бол эрсдэлтэй ажил хийдэг бүтэц, бүрэлдэхүүн юм. Харин Монголд байдал өөрөөр явж ирлээ. Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш, албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг онцлогтой болоод удлаа. Ажилладаг гар нь саажилттай байх юм бол айлыг чирч явдаг ганц нь байгаад ч нэмэргүй. Улсын хувьд бүр хэцүү. Ийм байдлаасаа Монгол Улс ангижрах ёстой.
Монгол Улсаас тууштай, эргэж буцдаггүй, хэлсэн ярьсандаа байдаг чанарыг манай түншүүд нэхэж байна. Эрх баригчдаас ажилдаа хариуцлагатай, хурдтай, бүтээлч байхыг манай иргэд шаардаж байна. Монгол бол хангалттай ардчилалтай улс. Одоо бид хариуцлагатай, чадамжтай улс болох ёстой. Энэ байдлыг хэлэлцэж цаг алдах биш, хийж шийдвэрлэж улс орон минь урагшлаасай. Энэ бол олон Монголчуудын хүсэл. Биелэх боломжтой хүсэл. Биелүүлэх л хэрэгтэй.
Монгол бол ард түмэн нь эрх баригчиддаа дүн тавьдаг тогтолцоотой улс. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол итгэлийг нь алдсан эрх баригчдаа сольж чаддаг улс. Эрх баригч гэж аль ч улсад Засгийн газрыг л хэлдэг. Засгаа бид олон сольж үзсэн. Солих бүр дээрдэж байсангүй. Энэ бол хүндээ биш бидний засгаа бүрдүүлдэг, ажиллуулдаг, сольдог тогтолцоондоо байгааг л харуулсан жишээ.
Чадах бүхнээ тултал нь хийгээд дүнгээ ард олноороо тавиулах бол шударга, сайхан. Харин тогтолцооноосоо болж юу ч хийж чадахгүй цаг алдах бол хайран. Гүйцэтгэх эрх мэдлээ эрхэм гишүүн бүрийн тоогоор 76 хувааж талын нэг тараачихаад улс орон урагшлах, хөгжих гэдэг худлаа болохыг Та бид харахаараа, үзэхээрээ, мэдэхээрээ нэг болж байна. Иймээс энэ асуудлыг Монголын онцлогт тохирсон, олны сайн жишигт нийцсэн байдлаар шийдвэрлэх ёстой. Энэ талын туршлага сургамж, ойлголт мэдлэгээр бид баян. Харин хэзээ вэ! Хэн хийх вэ! Та нар энэ асуудлыг зөв шийдэхгүй бол дараачийнх нь шийдэж л таараа.
Эрхэм гишүүд ээ!
Би Монголын улс төрд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа таван асуудалд Та бүхний анхаарлыг хандуулах гэж түрүүчийнхийг хэллээ. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэсэн байдлаар биш харин миний хэлсэнийг анхааран сонссон Та бүхэнд баярлалаа. Монголын төрийн хар хайрцагны бодлого хүнтэйгээ яваад өгдөгийг би буруу гэж боддог. “Хүн хэлэхээс наашгүй” гэж үг байдаг. Хойч үедээ хэлж сануулж, хийж бүтээх үйлсэд нь дэмжлэг үзүүлж, дэм дэмэндээ эвлэж урагшилдаг нь хүний нийгмийн ёс.
Нэг хийгээд бүтэх ажил гэж бий. Хийсэн, шийдсэн л бол эргэж харах шаардлагагүй ажил байдаг. Харин хүний амьдрал, нийгмийн амьдралтай холбоотой асуудлууд хүний бүх үед байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Улс орныхоо хувь заяаг шийдэлцэхэд оролцох замыг сонгосон хүн бүр, үе бүрийн өмнө заавал шийдвэрлэх ёстой, хариу шийдэл шаардсан хүндрэл гарч ирдэг. Түүнд өгөх хамгийн сайн хариу бол тэдгээрийг шийдэж гарахаас биш тойрч бултахгүй байхад л оршдог. Эргэж буцах бол, өөрөөсөө асуудлын шийдлийг түлхэх бол өөрийгөө хуурсантай л ижил.
Төр нийгмийн харилцаа бол мөнхийн сэдэв юм. Тэр дундаа түмний итгэлийг даах, ёс зүйтэй байх, шударга байх гээд. Би хувьдаа өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаа сэлгээ, албан тушаалын хувиарлалт, өнгө мөнгөний хорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандах хандлагад агуулгын өөрчлөлт харагдахгүй байна. Иргэдийн шүүмжилдэг “аль ч нам нь байсан ялгаагүй” гэдэг үг улам л үнэн болоод байна.
Манайд тогтсон сонгуулийн утга бол нэг даргыг нөгөөгөөр солихдоо биш. Харин асуудалд өөр хандлагатай бодлого тодорхойлогчидтой болоход оршиж байгаа юм. Намуудын нэг нь “ардчилсан”, нөгөө нь “ардын” гэсэн өөр өөр нэртэй учраас иргэд ээлжилж сонгоод байгаа юм биш. Тулгамдаж буй асуудал бүрт агуулгын өөрчлөлт гарах байх гэж хүлээснийх. Сүүлийн жилүүдэд иргэд энэ асуудлаар цөхрөнгөө барж байна. “Бүгд ижилхэн” гэсэн яриа хаа сайгүй сонсогдсоор удлаа. Энэ байдалд “би өөр”, “бид өөр” гэж хариу өгөх, гэхдээ энэ хариултаа үйлдлээрээ харуулах улс төрийн хүчин, хүн хэрэгтэй болж байна.
Өнгөрсөн УИХ-ыг сонгох сонгуулийн жилийн эцэс буюу 2016 оны дүнгээр манай улсын авлигын байдалд өгөх олон улсын үнэлгээ муудаж гарлаа. 2016 оны эцэст манай улс дахь авлигын хэмжээ өсөөгүй байж болно. Гэхдээ Монгол Улсад авлигын байдал дордож болзошгүй болчихлоо гэсэн дохио сануулга гэж Transparency International-ын үнэлгээг үзэж болно. Харин 2017 оны үнэлгээ сайжрахгүй, бүр дордвол олон улсын нийгэмлэгийн дээрхи дүгнэлт зөв болно.
Үүний нэгэн адил манай улсын зээлжих зэрэглэлийн асуудал байна. Ойрын сар жилүүдэд Монгол улсын чансаа энэ салбарт дээшлэх ёстой гэж би харж байгаа. Бүр өмнө нь хамгийн сайн байсан В+, ВВ эсвэл В1 үнэлгээн дээрээ эргэж ирэх боломж бидэнд байгаа. Дээрхи жишээгээр энд би хүний өөрчлөлтөөр биш, бодлогын агуулгаар, өөрчлөлтийн орцоор Монгол Улс дотроо ч, гаднаа ч дүгнэгдэх болсныг хэлэх гэсэн юм.
Сүүлийн үед “offshore”-ын асуудалд иргэдийн анхаарал нилээд төвлөрч байна. Дээрхи үгийг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би овт шаар гэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэх үед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарч хандах ёстой. Хууль журмаа ч өөрчилье. Хууль хяналтын байгууллагууд шалгая. Шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч ажиллая. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд “эргийн гадна” данстай байхыг хориглоё гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь хэвээр байгаа. Энэ асуудал манай улсын эрх баригчдын анхааралд орсон гэж харж байна. Энд ахиц дэвшил гарах ёстой.
Эрхэм гишүүд ээ!
Өнөөдөр би энэ хүндэт индэрээс Та бүхнийг манай улсад аюулын харанга дэгдээд удаж байгаа хоёр асуудалд анхаарлаа мөн онцгой хандуулахыг хүсэх гэсэн юм.
Нэг нь: хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ; Нөгөө нь: үр хөндөлтийн асуудалд. Энэ хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсөж төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.
Манай улсад, ялангуяа манай залуу үеийнхний дотор хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улс үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрлээ гэж ярьж бичээд удлаа. Энэ чиглэлд Монгол Улсын бодлого, үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт гарахгүй байдал даамжирсаар байна. Төв суурин газар дэх дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн эсвэл өртөж байна гэсэн судалгаа ч үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа Та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрхи асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг.
Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний Танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. “Монгол Улс энэ асуудлаар хатуу бодлого барих ёстой, барина” гэж хэлж байсан. Тодорхой ажлууд хийгдсэн боловч байдал хүнд байна.
Монголчууд цөөхүүлээ, эмзэг өвөрмөц байршилтай гэж бид ярилцдаг. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар анхааруулах, сануулах байдлаар эсвэл өнөөгийн байгаа хүчээр төр ажиллаад амжилт олохгүй нь илт боллоо. Үүнд эргэлт гаргахгүй бол, тийм хэмжээнд анхаарч бодлого үйл ажиллагаагаа өргөтгөхгүй бол улс орны маань ирээдүйн хувь заяа хутганы ирэн дээр ирж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн сайд Сандагийн Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй. Энэ чиглэлд гаргах хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа, хууль журам, бүтэц, төсөв зардлын асуудлыг Засгийн газар, УИХ аль аль нь анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулъя.
Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын 7 нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа аж. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа мэдээлэл тасрахаа болилоо.
Үүнээс гадна энэ чиглэлийн эм элдэв бодисын хэрэглээ, эргэлт замбараагаа алдаж олон охид, залуу эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ ноцтой хохирч байна. Төрөх насны олон Монгол эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх, “ээж” гэж дуудуулах боломжгүй болж амьдралаараа хохирох нь улам бүр нэмэгдэж байна. Мөн энэ шалтгаанаар амь насаа эмгэнэлтэйгээр алдаж байгаа охид бүсгүйчүүдийн тоо өдөр сараар өсөж байна. Ээж болох хосгүй хувь заяа, эрх нь эмэгтэй хүний аминд хүрдэг энэ аюулыг бид зогсоох ёстой. Юутай эмгэнэл, юутай харуусал вэ! Энэ тухай мэдээллийг өмнө нь ҮАБЗөвлөлийн түвшинд сонсож зөвлөмж чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна.
Үр хөндөлт хэмээх чимээгүй энэ аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Энэ асуудлаар охинтой айл бүр санаа зовох, үртэй бүхэн үржихийн билэгдэлтэй үндэстний хувьд Монгол Улс тодорхой бодлого гаргах цаг болжээ. Бүрэлдэж байгаа Монгол хүний амийг тасдах эрхийг Монгол Улсад хэн ч эдлэх ёсгүй. Эмэгтэй хүнд ээж болох хувь заяаг нь хаах зогсоох эрх хэнд ч ноогдох учиргүй.
Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэрэг, энэ аюултай байдлыг бид хазаарлах, улмаар зогсоох учиртай. Монгол Улсад Монгол хүн илүүдэхгүй. Монгол хүн Монгол газар шороон дээр нэг ч байсан, мянга ч байсан, сая ч байсан илүүдэхгүй. Эх үрийн амь нас гарцаагүй эндэхээс хамгаалах гэсэн ганцхан зөвтгөл энд байж болно. Гэвч үүнийг хатуу хуульчилж, чанд хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй улс болох ёстой.
Монголын хувь заяанд дайнаас илүү нөлөөлж байгаа дээрхи аюулд манай УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүн бүр онцгой анхаарна, ахиц дэвшил, өөрчлөлт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэгээс гойд манлайлал гарна гэдэгт итгэж байна.
Монголын төр үеийн үедээ анхаарч тодорхой шийдвэр, бодит алхамаар хор хөнөөлийг нь багасгаж байх учиртай хоёр аюул бол хар тамхи, үр хөндөлт тойрсон өнөөгийн нөхцөл байдал юм. Учир нь энэ хоёр аюул Монголын ирээдүйг, Монгол удмын санг, залуу үеийг онцгойлон онилж байгаа юм. Ирээдүй үеийг, залуу үеийг маань зовоож байгаа энэ аюулыг мэдсэн үедээ бид таслан сэргийлэх ёстой. Урьд яваа нь ард яваагийнхаа замыг засдаг сайхан уламжлал бидэнд бий.
Эрхэм нөхөд өө,
Нийгэмд тулгамдаж байгаа асуудал бүрийг энд хамж шимж ярих зорилго өнөөдөр би тавиагүй. Тийм боломж ч байхгүй. Эдийн засгийн, санхүүгийн асуудалд энэ Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энд би зарим нааштай ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин төрийн зардал, улс төр, нийгмийн хүрээнд тулгамдаж байгаа миний дурьдаж ярьсан зүйлүүдэд анхаарч ажиллахыг хүсье. Монголын улс төр зөв дэг жаягтай, улс орныхоо сайн сайхан бүхэнд дэмжлэг үзүүлдэг болвол Монгол Улс л хожино.
Мөн Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх, дотоод нөөцдөө тулгуурлан шатахуунаа үйлдвэрлэх, төмөр зам дэд бүтцээ өргөтгөх шинэчлэхэд үргэлж анхаарах ёстой. Хөрш орнуудтайгаа дамжин өнгөрөх тээврийн болон татвар тарифын ачаалал, хүндрэлийг хөнгөвчлөх чиглэлд яриа хэлцлээ бодит үр дүнд хүргэх нь чухал. Хоёр хөршийг холбосон эдийн засгийн коридорыг амилуулах олон төсөл хөтөлбөр ажил хэрэг болох учиртай. Монгол Улсын жин нөлөө, оролцоог нэмэх бүс нутгийн болон олон улс, олон талт хамтын ажиллагаагаа бид улам л өргөжүүлэх хэрэгтэй.
Монголчууд бид ямар ч байдалд орсон, хичнээн толхилцож түлхэлцсэн ч нэг Эх оронтой, нэг хувь заяатайгаа мартаж болохгүй. Бидний дээр Монголын алаг туг, алтан соёмбо нэг л янзаар манддаг. Бидэнд эрх баригчдын эсвэл сөрөг хүчний гэсэн хоёр Монгол байхгүй. Бид өвөг дээдсийн маань ариун шарил, сүнс оршсон нэг л газар нутагтай. Монгол хүн бүр задралыг бус нэгдлийг эрхэмлэж урагшлах учиртай. “Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг” гэх ардынхаа мэргэн үгийг санаж явцгаая.
Монгол Улс хүн амьдрахад урамтай, хүн ажиллахад урамтай орон болох ёстой. “Миний эх орон чинь ажиллаж, амьдрахад урамтай шүү” гэж бүгд чин сэтгэлээсээ хэлж чаддаг л болох ёстой. Алдаж болохгүй боломж гэж байдаг. Адлаж доош нь хийхийн аргагүй амжилт ололт ч бидэнд бий. Монгол бол ирсэн хүн урам авдаг, явсан хүн эргэж хоргоддог, татагддаг орон.
Эх орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, түүнд оролцох, хувь нэмрээ оруулах эрхтэй байна гэдэг бол их хувь заяа. Олон хүнд хүсээд олддоггүй ховор хувь заяа. Эрхэм гишүүд минь, та нарын гарт ийм хувь тавиланг, ийм эрх үүргийг Монголын ард түмэн атгуулсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ дахин дахин амжилт хүсье.
Анхааран сонссонд баярлалаа.
2017 оны 4 дүгээр сарын 5