БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсад туслахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга М.Энхболдод илэрхийллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсад туслахад бэлэн байгаагаа УИХ-ын дарга М.Энхболдод илэрхийллээ


8 жил

ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзах үеэрээ “Хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өндөр өсөлттэй байсан Монголын эдийн засагт хүндрэл тохиогоод буйг бид сайн мэдэж байгаа. Найрсаг харилцаатай, найрамдал нөхөрлөлөөр холбогдсон, ойр дотно түншийн хувьд БНСУ энэхүү хүндрэлийг даван туулах чиглэлээр Та бүхэнд туслахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Төр, засаг тогтвортой байх боломж өнгөрсөн сонгуулийн дүнгээр бүрдсэн. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна. Бид ОУВС-тай урьдчилсан тохиролцоонд хүрч, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд БНСУ санхүүгийн тусламж үзүүлэхээр болсонд талархаж байна” гэв.

Хоёр тал парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн болон бусад салбарын хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд, үр ашигтай хөгжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Танай оронд цөөнгүй монгол хүн ажиллаж, амьдардаг. Тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах, эрх ашгийг нь хамгаалах, туслан дэмжих асуудлыг анхааралдаа авахыг Танаас хүсье” гэв.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Монгол Улсын Засгийн газар гэрээг сунгах санал тавьсан. Ингэхдээ монгол ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Дадлагажигчид хууль, тогтоомжийг ягштал мөрдөх нь чухал гэсэн шаардлагыг БНСУ-ын тал тавьж байгаа. Бид дадлагажигч ажилтнуудын асуудлыг эрхэлсэн нэгжийг БНСУ-д байгуулахаар төлөвлөж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Ноён Чун Се Кьюн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг ирэх зургаадугаар сард БНСУ-д болох Евразийн парламентын холбооны хуралдаанд оролцохыг урьсныг талархан хүлээж авлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү