Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн жинхэнэ “ялагч” Жулиан Ассанж
Эквадорын ерөнхийлөгчөөр сонгогдвол Жулиан Ассанжийг Лондон дахь Эквадорын элчингээс хөөх амлалт өгсөн Гүйллермо Лассо сонгуульд ялалт байгуулж чадсангүй. Тиймээс ВикиЛийксийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лассог Эквадор улсыг 30 хоногийн дотор орхихыг нөхөрсөгөөр гуйлаа.
“Би Лассог Эквадор улсыг 30 хоногийн дотор орхиж явахыг нөхөрсөгөөр гуйж байна” гэж Твиттер хуудастаа бичжээ.
Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн гол хоёр нэр дэвшигчээс Ассанжийн тал дээр ямар бодолтой байгааг асуухад Гүйллермо Лассо түүнийг 30 хоногийн дотор хөөнө гэж байлаа. Харин сонгуульд ялсан Социалист намын Ленин Морено Ассанжийг үлдээнэ гэж байсан.
Ленин Морено Гүйллермо Лассогоос 2 хувиар илүү 51 хувийн саналаар ялалт байгуулаад байна.
Өнгөрсөн долоо хоногт Эквадорын хэвлэл консерватив намын нэр дэвшигч Лассог татвараас зайлсхийсэн, оффшор банк эзэмшдэг зэрэг санхүүгийн нууц хэргүүдийг нь дэлгэсэн. Түүнчлэн өнгөрсөн 2-р сард Лассог 2007 онд Америкийн дэмжлэгээр ерөнхийлөгч Рафаел Корреагийн эсрэг бизнесийн дайралт хийж байсан тухай ВикиЛийкс цацсан юм.
Ассанж 2012 онд Шведэд хүчирхийллийн хэрэгт гүтгэгдсэнээс хойш Лондон дахь Эквадорын элчинд улс төрийн орогнолоор байрлаж байна.Үгүй бол түүнийг Шведэд шүүхэд дуудан, цаашлаад Америк руу ачигдаж, тагнуулын мэдээлэл задалсан хэргээр баривчлагдах магадлал их байгаа юм.
2010 онд Ассанж ВикиЛийксийн хамт Америкийг түүхэн дэх хамгийн их нууц мэдээллүүдийг цацаж байсан юм.