Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд ажиллалаа

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд ажиллалаа


8 жил

Нийслэлийн засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын зөвлөлийн дарга П.Баярхүү ОБЕГ болон Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд ажиллалаа. ОБЕГ-ын дарга Т.Бадрал, НОБГ-ын дарга Н.Уламбаяр нартай уулзаж, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах бэлэн байдал, болзошгүй газар хөлдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдтэй танилцан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв нь болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалтанд хамруулдаг юм.

Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээ үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгодог юм. Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой ажээ. Сургалтын төвд иргэдийг тогтмол сургалтанд хамруулахаас гадна, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг үе шаттайгаар сургалтанд хамруулж, анхан шатны мэдлэг олгох нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа аж. Тус сургалт, арга зүйн төвийн барилга нь Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамж бүхий үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим зэрэг нийт 5 өрөөтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Уг төв нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулахаас гадна дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү