Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын удирдамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1137 аж ахуйн нэгж, байгууллагын 3564 иргэн, Ерөнхий боловсролын 19 сургуулийн 354, 14 их дээд сургуулийн 321 багш, сурагч болон 19 цэцэрлэгийн 209, 102 СӨХ-ийн 496 хүн, 61 төрийн байгууллагын 615 албан хаагчид нийт 184260м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэв. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар 426.6 тонн хог хаягдлыг 51 машинаар 152 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон харьяа 28 хэлтэс алба, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ-ын захирал Б.Жаргал нар дүүргийн 28 хорооны цэвэрлэгээний явц байдалд газар дээр хяналт тавьж хамтран ажиллав.
Хяналт шалгалтын хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 28 хорооны 1819 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад цэвэрлэгээний мэдэгдэх хуудсыг урьдчилан тарааж гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулсан. Түүнчлэн цэвэрлэгээнд79 зам талбайн үйлчлэгч ажиллаж явган хүний 18000м2 талбайг цэвэрлэлээ. Мөн хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах сандал, хогийн сав, хайс хашлагыг угааж цэвэрлэх, засч сэлбэх, хайс хашлага дээр наасан хулдаасан зарлалыг хуулж, цэвэрлэсэн юм.
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг энэ удаагийн их цэвэрлэгээгээр цэвэрлэв.Тухайлбал, 13, 14 дүгээр хорооны үерийн далан, “Сүнжин гранд” зочид буудлын усны суваг, 22 дугаар хорооны 9, 27 дугаар гудамжны жалга зэрэг нийт 12 байршлын 122.4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн алба