Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит 17 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Хамтарсан хорооны хуралдааны хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хоорондын Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан, Хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн хурлыг өнөөдөр тус тус зохион байгууллаа.
Энэ удаа Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлж буйгаараа онцлог болж байна. Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээний үеэр талууд НҮБ болон Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд дэвшүүлсэн өөрсдийн тэргүүлэх чиглэлийн тухай харилцан мэдээлж, Монгол Улс, Европын Холбоо олон талт тавцан дээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Монголын тал хүний эрхийн асуудлаарх олон улсын гэрээ хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх, тэдгээрийг Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр Европын Холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.
Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаанаар талууд өөрсдийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх сүүлийн үеийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийн талаар мэдээлэл солилцов. Мөн Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, тэр дундаа Европын Холбооны тарифын хөнгөлөлтийг үр дүнтэй ашиглах арга замын талаар ярилцлаа. Түүнчлэн талууд бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцоогоо нэмэгдүүлэх, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн хурлаар Монгол Улс, Европын Холбооны хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үлдэгдэл хөрөнгийг хэрхэн үр дүнтэй ашиглах зэрэг асуудлаар санал солилцов. Салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, хүрсэн үр дүнг 3 дугаар сарын 31-ний өдөр болох Хамтарсан хорооны үндсэн хуралдаанд тайлагнах бөгөөд хуралдааны дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргана.