Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг маргаашнаас буюу ирэх сарын 01-нээс эхлэн хурааж, иргэд заавал картаар үйлчлүүлэхээр болсон. Тэгвэл үйлчилгээнд хяналт тавих үүргийг гүйцэтгэх хянагч нар гүйцэтгэхээр болжээ. Тэд иргэдийг картаар үйлчлүүлж байгаа эсэхийг шалгаж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээвэрлэхгүй байх, торгох зэрэг арга хэмжээ авах юм байна.
Үүнээс гадна автобусанд үйлчлүүлэх карт олон төрлийн сонголттой болсон талаар өчигдөр нийслэлийн Нийтийн тээврийн газраас албан ёсоор мэдээлэл хийв. Иргэд “Улаанбаатар смарт карт” компанийн энгийн картаас гадна 25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах картыг ч нэвтрүүлсэн.
Түүнчлэн 3600 төгрөгөөр худалдан авдаг картыг 2000 төгрөг болгож, хямдруулав. Картыг иргэд “Улаанбаатар смарт карт” компанийн Хэрэглэгчийн төв, нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав” салбараас авах боломжтой юм.
Дашрамд дурдахад, Нийтийн тээврийн нийт 900 гаруй том оврын автобусны 200-д нь хяналтын камер байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй ажиллаж байна.