Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа агаар орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийн дагуу НИТХ “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө” гарган ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Хууль, эрх зүйн орчны хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж болон Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлан гаргасан. Уг хөтөлбөр нь Хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулан, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бохирдол үүсгэгч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бий болгох гол зорилготой юм. 2017-2025 онд хэрэгжих хөтөлбөр 5 зорилт, 60 үйл ажиллагаатай. “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр байгаль орчинд сөрөг нөлөө багатай инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг сайжруулж, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 80 хувиар багасгаж, агаар, орчинд түүхий нүүрснээс үүсгэж байгаа бохирдлыг мөн 80 хувиар бууруулах шалгуур үзүүлэлтүүдийг оруулан ажиллаж байна.” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2002 онд батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх мэдээлэх журам”-д 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа нэмэлт өөрчлөлт оруулж, Нийслэл хот руу шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоосон талаар танилцууллаа. Мөн Улаанбаатар хотод ажиллаж байгаа 403 мэргэжлийн хяналтын улсын байцаагч агаарын бохирдлын эх үүсвэрт хяналт тавьдаг болжээ.
Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан цааш танилцуулахдаа “Төвийн 6 дүүргийн 9 хороо цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаагүй байсан асуудлыг Байгаль орчны сайд, хотын даргын хамтарсан захирамжаараа нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс давсан тохиолдолд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилго бүхий самбар лед дэлгэцийг 1 дүгээр сарын 15-аас 2 дугаар сарын 15-ны хооронд нийт 30 сургуульд суурьлуулсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд дугуй засвар, гутал засвар, ТҮЦ, павильон, харуулын байр, барилгын ажлын талбай дээрх түр байруудад түүхий нүүрс, резин эдлэл, дугуй зэрэг химийн гаралтай түүхий эд шатаахыг таслан зогсоох ажлын удирдамжийн дагуу 124 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 6 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулсан. Шалгалтаар дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан автобусанд техникийн засвар үйлчилгээг дахин хийж, зөрчлийг арилгуулан, тус газрын техникийн хяналтын үзлэгийн төвд утааны үзүүлэлтийг дахин шалгуулж, үйлчилгээнд гаргахыг анхааруулсан.” зэрэг ажлуудыг танилцууллаа.
“Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй танилцсаны дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Төлөвлөгөөний хэрэгжилтээс үзэхэд, хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаа ярианаас бодит ажил руу шилжиж, хэд хэдэн үр нөлөөтэй ажлыг эхлүүлжээ гэж үнэлж байна. Тухайлбал, 2,1 тэрбум төгрөг зарцуулан гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг хэрэгжүүлсэн нь цаашид цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна. Агаарын чанарыг сайжруулах бүсэд 124 аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна. Тодорхой, барьцтай, үр нөлөөтэй ажлуудыг “зөв эхлэл” гэж хэлж болох бөгөөд энэ нь хотын агаарыг цэвэршүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилтод нийцнэ.” гэлээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 8 дугаар хуралдаанаас хотын даргад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг эцэслэн дүгнэж, 4-р сард хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулах
Хоёрдугаарт, 5-р сараас 9-р сарыг дуустал хугацаанд нийслэлийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг өвөлжилтийн бэлтгэлийн хангах хүрээнд “хотын агаар, орчныг цэвэршүүлэх” агуулгаар тусгай төлөвлөгөө боловсруулж, 4-р сард хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх
Гуравдугаарт, Үндэсний хөтөлбөрт нийцүүлэн “Улаанбаатар хотын агаар, орчныг цэвэршүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2020 он хүртэл хугацаагаар боловсруулж, НИТХ-д өргөн барих. Дэд хөтөлбөрт хотын агаар, орчныг цэвэршүүлэхэд иргэдийн оролцоог сайтар хангах, түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоох, цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан цэвэрлэх байгууламж барих санаачилгыг дэмжих, гэр хорооллын бохир усыг зайлуулах шугам сүлжээ бий болгох төсөл боловсруулж хэрэгжүүлэх зэрэг алсын хараатай, өгөөжтэй үйл ажиллагаанд хөрөнгө, хүчийг төвлөрүүлэхээр тусгах хэрэгтэй байна.
Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахын тулд хот байгуулалтын суурь судалгааг яаралтай эхлүүлэх шаардлага байна. Суурь судалгааны явцад хотын оршин суугчдын ажил эрхлэлт, байгууллага, иргэдийн байршил суурьшлын зохицуулалт, хотын агаар, орчны цэвэршилт гэсэн бодлогын 3 гол асуудалд онцгой анхаарч, эдгээрийг шийдвэрлэх хамгийн оновчтой гарцыг санал болгохыг чиглэл болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.