Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “2017 онд Баянзүрх дүүрэгт 56 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгагдсан” тухай Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлдэг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар дурдлаа. Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтаар энэ жил 23-р хорооны бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга, 14-р сургуулийн барилга, 1,000 хүний суудалтай спорт цогцолборын барилга, 23-р хороонд байршилтай Цагдаагийн 3-р хэлтсийн барилга зэрэг ажлуудыг хийхээр төлөлвлөж байгаа гэжээ.
Түүнчлэн Засаг Дарга Пүрэвдаваа Баянзүрх дүүрэгт тулгамдсан нэг асуудлаар 330 мянган иргэнд хүрэлцээтэй, стандартын дагуу төрийн үйлчилгээ үзүүлэх нь хүндрэлтэй байгаа гэсэн байна. 331.536 хүн амтай энэ дүүргийн хувьд нэгж төрийн ажилтанд ирдэг ачаалал их байдаг тухай нэмж хэлсэн юм. Энэ ачааллыг багасгахаар ажиллаж байгаа ба Баянзүрх дүүрэгт 6 шинэ сургууль, 11 цэцэрлэгийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд барьсан учир хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалт өсч, ачаалал нь багассан байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХИЙГДСЭН АЖЛУУД
“Дарь-Эх” цогцолборын ажлыг хийж эхлүүлжээ. Баянзүрх хайрханыг тохижуулан авто замыг сайжруулан засч, амралтын сандал, сүүдрэвч, авто зогсоол, гүйлтийн болон явган хүн замыг тавьж, ногоон байгууламжийг бий болгосон.
Дүүргийн хүн амын 7.2 хувь буюу 23,883 ахмаддаа зориулан “Баянзүрх-Шижир” амралт, сувиллын газрыг барьж ашиглалтад оруулжээ. Тус амралтын газар нь нэг ээлжиндээ 120-130 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийт 2,500 гаруй ахмадыг сувилж, амраасан байна.
ДЭД БҮТЭЦ
Гэр хорооллын 39 байршлын 3,126 өрх айлыг цахилгаантай болгож, 2,908 өрхийн цахилгаан хүчдэлийн уналтыг сайжруулсан байна. Дүүргийн хэмжээнд 71.9 км хатуу хучилттай авто зам тавьж, дөрвөн уулзварт өргөтгөл хийжээ. Харин дүүрэг өөрийн санаачилгаар нийт 18 хорооны 225 гудамжны 89.7 км урт шороон замыг хусч тэгшилж засварласан.
Хог тээврийн менежментийн өөрчлөлт хийж, 28 хороог 4 бүсчлэн хог хаягдлын үйлчилгээг Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. 2013 онд нийт 37 хог тээврийн машинтай үйл ажиллагаа эрхэлж байсан бол одоо 61 хог тээврийн тусгай зориулалтын автомашинтай болжээ. Зам талбайн ажилчдын тоог долоо дахин буюу 215 болгож нэмэгдүүлснээр жилд 121,400 тн хог хаягдалыг тээвэрлэдэг болжээ.
Дүүргийн хэмжээнд 37 байршилд хүүхдийн тоглоомын талбай, бичил цэцэрлэг, тохижилтын ажлыг хийсэн. Мөн дүүргийн түүхэнд анх удаа 4,713 ширхэг гэрэлтүүлэг нэмж хийснээр, дүүргийн нийт гудамж талбайн 65 хувийг гэрэлтүүлж байна.
БОЛОВСРОЛ
2013-2016 онд нийт 13 цэцэрлэг ашиглалтад оруулж 2,800 хүүхдийг сурч, боловсрох боломжоор ханган 241 хүнийг ажлын байртай болгожээ. Шинээр зургаан сургуулийн байр, гурван сургуулийн байрыг өргөтгөснөөр 3,600 хүүхэд сургуульд суралцах боломжтой болж 629 багшийг ажлын байртай болгов.
Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын санг Баянзүрх дүүрэг байгуулсан. Одоогоор нийт 10,000 гаруй номын фондтой. Нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой.