Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Тэрбээр Ховд аймагт айлчлах үеэрээ аймгийн Музей, болон Манхан сумын Гурван цэнхэрийн агуйд очиж, түүхэн дурсгалтай танилцсан байна. Үүний дараагаар Ховд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх тэргүүтэй удирдлагууд Элчин сайдыг хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Энэ үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу "Монгол, Энэтхэг хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцуулж, энэхүү харилцаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр орны ард иргэдийн харилцааг илүү дотно болгодог зүйл бол бурхны шашин" гэдгийг онцоллоо. Тэрбээр “Энэтхэгийн Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Монгол Улсад төрийн айлчлал хийж, нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдсэн. Одоогоор Монголын Засгийн газар энэхүү зээлийн шугамыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээл нь Монгол орны хөгжил дэвшилд ахиц авч ирнэ гэдэгт итгэж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Монгол Улсаас 200 төрийн албан хаагчийг богино, дунд, урт хугацаагаар Энэтхэг улсад сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болсныг зарласан. Энэ бол хоёр орны харилцаа, холбооны үргэлжлэл юм” гэлээ.
Ховд аймгийг төлөөлөн тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх “БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Суреш Бабу таныг Ховд аймагт айлчилсан явдалд гүн талархал илэрхийлэхийн ялдамд Ховд аймгийн олон үндэстэн, ястан иргэдийн халуун дотно мэндчилгээг хүргэж байна. Манай аймаг Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв, олон ястан үндэстэн амьдардаг аймаг. Нийт 85 мянган хүн амтай. 3 сая 280 мянган малтай. Бид аймгаа хөгжүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байна. Энэ бодлого дээр Элчин сайд тусламж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бүс нутгийг эрчим хүчээр хангах зорилгоор Усан цахилгаан станц барих, түүнд түшиглэн Цементийн үйлдвэр барихаар төлөвлөөд байна. Энэ арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаа. Таны айлчлалын үр дүнд эдгээр төслүүд дээр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам биднийг дэмжиж ажиллахыг хүсч байна” гэв.
Ховд аймгаас уламжилсан санал хүсэлтийг сонсоод Элчин сайд ноён Суреш Бабу “Миний бие Ховд аймагтай нягт хамтран ажиллана гэж бодож байгаа. Хэрэв танай аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийн сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилвал бидний зүгээс дэмжихэд бэлэн байна” гэж хариулжээ.
Энэхүү уулзалтын үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд англи хэлний мэдлэгтэй төрийн албан хаагчдийг Энэтхэг улсын Засгийн газрын хөтөлбөрөөр богино, дунд, урт хугацаанд мэргэжил дээшлүүлэх боломжтойг дахин онцолж, Ховд аймгаас хамрагдах төрийн албан хаагчид хүсэлтээ ирүүлж шалгаруулалтад орвол дэмжихээ илэрхийлсэн байна.