Токиогийн олимпод Монголыг төлөөлж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт дууслаа. Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таэквондо гэсэн төрлүүдэд 157 тамирчин, дасгалжуулагч хамрагдах болжээ. Харин байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлага гэсэн есөн спортын төрөлд 140 орчим тамирчин сонгогдсон байна.
Дээрх баг тамирчин, дасгалжуулагчид маргааш Спортын төв ордны “А” зааланд 11:40 минутад төрийн далбаанд тангараг өргөнө. Баг тамирчдаа төлөөлөн “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, паралимпийн тамирчдаас Э.Содномпилжээ нар тангараг өргөх аж. Энэ үеэр БНХАУ-ын талаас манай сагсан бөмбөг, ширээний теннисний төрөлд 200 сая төгрөгийн эд материал хандивлана.