Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид оршуулгын газарт орхигдсон нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгчээ. Өнгөрөгч баасан гарагт /2017.03.17/ тус цагдаагийн хэлтэст иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт нярай хүүхэд байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж өлгийтэй нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Мөн нярайг орхисон хүмүүсийг олж тогтоон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн. Уг хэргийн сэжигтнээр 47 настай А, 25 настай Б, 21 настай Д нарыг татан шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.