“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа


8 жил

Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.  59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулсан.  Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Агаар, орны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байсан ажлууд үр дүнд хүрэхгүй, цаг алдаж байгаагаас агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийн эрсдэл ихэссээр байна. Тухайлбал 2005 онд өвчлөл 10 мянган хүн тутамд 697 байсан бол 2014 онд 1730 болж хоёр дахин өсчээ. Мөн бохирдол жирэмсэн эхчүүдэд сөрөг нөлөө үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, хүүхдийн жин буурч байгаа нь судалгаанаас тодорхой болжээ. 

Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Харин 10 хувийг 400 гаруй мянган автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг Дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байна.

Нийлэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, дөрвөн бүсэд хуваасан. Нэгдүгээр бүс буюу агаарын бохирдлын голомтод СХД, БЗД, СБД, ЧД-ийн 51 хороо орсон бол, хоёрдугаар бүсэд СХД, БЗД, ХУД-ийн 21 хороо, гуравдугаар бүсэд БГД-ийн 8 хороо, дөрөвдүгээр бүсэд СХД, БЗД, СБД, ЧД, БГД, ХУД-ийн 49 хороог багтаажээ.

Засгийн газар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс тэглээд байгаа. Энэ хүрээнд 108 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 100 хувь, 39 мянга орчим хэрэглэгчийнхийг 50 хувь хөнгөлж үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулаад байна.

Мөн цахилгааны хөнгөлөлтөд зарцуулах төсвийг 3.5 тэрбум төгрөг болгосноор зорилтот бүлгийг сайжруулсан түлш, зуухаар хангах боломж бүрдсэн. Энэ ажлыг ирэх 11 дүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү