Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаалын дагуу “Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/95 дугаар захирамж гаргажээ. Уг хөтөлбөрт Их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан, суралцагчдыг хамруулах арга хэмжээг зохион байгуулахаар Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улс 2013 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн нэгдүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар дөрвөн сарын хугацаанд хаах юм. Дорнод аймагт энэ жил 50 оюутан цэрэг бэлтгэх юм байна.
Бид ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хошууч О.Ганзоригоос энэ талаар тодруулахад "Дорнод аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн жил Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 100 оюутан цэргийг аймагтаа бэлтгэсэн. Харин энэ жил манай аймагт нийт 50 оюутан цэрэг бэлтгэнэ. Үүний 20 нь Говьсүмбэр аймгаас ирэх юм. Оюутан цэрэгт Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс нийт 40 оюутан бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт 33 оюутан тэнцсэн. Энэ сарын 20-ны өдөр оюутнуудаас бие бялдрын түвшин тогтоох шалгалт авна. Тэнцсэн оюутнууд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд Цэргийн ерөнхий бэлтгэлд суралцана. Үүний дараагаар дахин хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Цэргийн тусгай бэлтгэлд хамрагдан цэргийн жинхэнэ албыг хааж дуусан, тангараг өргөнө. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэрэг ач холбогдолтой учир оюутнууд сайн дураараа хамрагдах сонирхол нэмэгдэж байна" гэлээ.