Дэлхийн стандартад нийцсэн номын сан тун удахгүй нээлтээ хийх гэнэ. МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны баруун талд Монгол япон төвийн чанх урд баригдаж байгаа 7 давхар номын сан өнгөрсөн оны наймдугаар сард нээлтээ хийх байсан ч барилгын ажил дуусаагүйн улмаас хүлээгдээд байсан. Тэгвэл одоо барилгын ажлын гүйцэтгэл 98 хувьтай явж байгаа бөгөөд дотоод заслын ажил 100 хувьтай байна. МУИС-ийн Хангамж үйлчилгээний хэлтэсийн мэдээлснээр номын сангийн барилгын ажил дууссан ба ойрын хугацаанд нээлтээ хийнэ гэж мэдээлжээ.
Номын сан нь уншлагын 7 танхимтай, уулзалт хурлын олон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог юм. Хэдийгээр 7 давхар ч 11 давхар барилгатай тэнцэхүйц өндөр шинэ номын сан баригдсанаар дижитал номын сантай болох, номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох юм.
Үүгээр зогсохгүй шинэ дижитал номын сан нь сүүлийн үеийн техник технологи ашиглаж профессор багш, оюутан залууст цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болох бөгөөд оюутны бие даан өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бий болгоно. Мөн зөвхөн. МУИС-ийн оюутан төдийгүй нийслэлийн иргэд үйлчлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний уялдаа холбоо нэгдмэл байдал сайжрах, бүхэлдээ монгол хүний оюун ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ хэмээн холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.