"ITB” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ жил 51 дэх удаагаа Берлин хотод амжилттай зохион байгууллаа.Үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Элчин сайд Ц.Болор, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 186 орны 10.000 гаруй аж ахуйн нэгж, компаниуд оролцсон бөгөөд монголын найман аж ахуйн нэгж, Нийслэлийн аялал жуулчлалын газар монголын талбайд танилцуулга хийв.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай, “Мессэ Берлин” компанийн дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг нар монголын үзэсгэлэнгийн талбайгаар зочилж, монголын талын төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан нь чухал арга хэмжээ боллоо.
Жил бүрийн “ITB” үзэсгэлэнгийн үеэр “ИТБ Конгресс” зохион байгуулагдаж, салбарын мэргэжилтнүүд аялал жуулчлалын салбарт гарч байгаа шинэлэг санал санаачилга, хүндрэл, цаашдын төлвийн талаар хэлэлцдэг. Энэ үеэр мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуух нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын 7 дугаар уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Гансүх нар оролцжээ.
Эх сурвалж : Гадаад харилцааны яам