Энэ оны хоёрдугаар сарын эцэст хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 47.2 мянга болжээ. Тэдгээрийн 34.1 мянга нь бүртгэлгүй ажилгүй иргэд, 13.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд . Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Мөн энэ үзүүлэлт Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Орхон, Дорнод, Дорноговь, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Говьсүмбэр, Хөвсгөл аймагт улсын дундажаас 0.1-9.9 пунктээр илүү байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бүртгэлгүй ажилгүй иргэдийн 45.5 хувийг бүрэн дунд, 31.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 2.1 хувийг бага, 1.7 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа юм. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад эхний хоёр сард ажилгүй 14 мянган иргэн шинээр бүртгүүлжээ.
Бүртгэлтэй байсан 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 12.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 21.3 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 38.3 хувиар өсчээ.