Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” зөвлөгөөн болж байна

Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” зөвлөгөөн болж байна


8 жил

“Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт зөвлөгөөн болж байна. “Цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд махчин шувууд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт үндэсний анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд БОАЖЯ, ЭХЯ, шинжлэх ухааны байгуулагууд, их дээд сургуулиуд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан түгээх сүлжээний компаниуд, ТББ, олон улсын байгууллагуудын төлөөлөгч оролцлоо.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Сүүлийн 10 гаруй жилд манай орны эрчим хүчний салбарт томоохон дэвшлүүд гарсны нэг нь яахын аргагүй сумын төвүүдийг найдвартай эрчим хүчээр хангаж эхэлсэн явдал юм. Ингэхдээ урд өмнө нь хэрэглэж байсан модон тулгуурыг халж оронд нь төмөр карказ бүхий бетон тулгууруудыг ашиглан, бага болон дундаж хүчдэлийн эрчим хүчийг хүн ам цөөнтэй сум суурингуудад нийлүүлэх болсон. Хэдийгээр энэхүү шийдэл нь удаан эдэлгээтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч, бидний хүрээлэн буй орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсаар арав гаруй жил өнгөрчээ.  Гадаад дотоодын судлаачдын үзэж байгаагаар манай оронд жилд 700-аас 4000 хүртэлх тооны идлэг шонхор, мөн тооны шилийн сар, ойн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, начин шонхор болон бусад олон зүйлийн шувууд хүчдэлд цохиулан үхдэг байна. Эдгээр шувууд нь мөн өөрийн гэсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй. Жишээ нь 1 идлэг шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөг. Ингээд бодоход бид байгаль орчиндоо хэдэн арван тэрбумаар яригдах хэмжээний хохирол учруулсаар байна. Тиймээс  энд хуран цугларсан та бид энэ асуудалд хамтдаа дуу хоолойгоо хүргэн, шийдвэрлэх арга зам, гарцыг олж чадна хэмээн би найдаж байна” хэмээлээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “Цахилгаан түгээх сүлжээний шугамын байгууламжаас махчин болон нүүдлийн шувуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах стандарт, норм, дүрмийг боловсронгуй болгох” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг үйл ажиллагааныхаа хүрээнд БОАЖЯ, ЭХЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Оюутолгой компани хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр одоо байгаа 35кВ хүртэлх агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэлэлцэн шийдэх нь энэхүү зөвлөгөөний зорилго юм. Мөн зөвлөгөөний үеэр цахилгаан дамжуулах агаарын шугам дахь шувуудын үхэл, хорогодол, түүний цар хүрээг бууруулах, үр дүнтэй ажиллах арга замыг бий болгох, шугам засварын ажилд шаардагдах зардлыг нөөц боломжиндоо тулгуурлан шийдэх, шинээр хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Жилд 713-7950 монгол орны үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор цахилгаан дамжуулах агаарын шугам буюу хүчдэлд цохиулан үхэж байгааг судалгаагаар тогтоосон байна. Судалгаанаас харахад 2013 оноос 2016 оны хооронд улсын хэмжээнд нийт 20-26 зүйлийн 2343 шувуу хүчдэлд цохиулан үхчээ. Үүнээс 867 нь идлэг шонхор байна. Хүчдэлд цохиулан үхсэн идлэг шонхорын 63 хувийг эм, 37 хувийг эр идлэг шонхор эзэлжээ. Харин нас залуу идлэг шонхорын хувьд эм нь эрээсээ 2,1 дахин их байгааг Зэрлэг амьтан хамгаалах төвийн судлаач Б.Батбаяр илтгэлдээ онцоллоо.

Иймээс цахилгаан дамжуулах агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх,  энэ асуудалд удирдлага, зохион байгуулалтын үр дүнтэй бүтэц, санхүүгийн боломж, бүх талуудын оролцоо, нягт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байв гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү