Монгол Улсын аврах багийн чадамжийг үнэлнэ

Монгол Улсын аврах багийн чадамжийг үнэлнэ


8 жил

Швейцарийн Хөгжлийн агентлаг болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагийн хамтарсан “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг үнэлэх” үнэлгээний багийн бүрэлдэхүүн Монгол Улсад айлчилж байна.

Олон улсын үнэлгээний багийн гишүүд Онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, эрэн хайх аврах ажиллагааны чадавхитай танилцаж үнэлгээ өгөх юм. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дарга бөгөөд ерөнхий консул Габриелла Спирли, БНХАУ-ын газар хөдлөлтийн агентлагийн дэд дарга, профессор Чэнь Хонг нараар ахлуулсан хамтарсан айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар Швейцарийн Хөгжлийн Улсын Хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагтай эртнээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Швейцарийн хөгжлийн агентлагтай 1999-2000 оны зудын гамшгаас хойш нягт хамтран ажиллаж, малчдад олон төрлийн тусламж дэмжлэгийг үзүүлж байсан. Мөн Тогтвортой бичил уурхайн төслийг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги дээр хамтран хэрэгжүүлж байна.

БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагтай Эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус агентлагийн сургалтын төвд эрэн хайх, аврах ажиллагааны сургалтад Монгол Улсын Онцгой байдлын албаны аврагч нарыг сургаж байгаа юм.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монгол Улс олон улсын эрэн хайх гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, Онцгой байдлын албаны албан хаагчдыг сургаж дадлагажуулах, хүний нөөцийн болоод санхүүгийн туслалцаа дэмжлэгийг үзүүлж байнга хамтран ажилладаг Швейцарийн Хөгжлийн Улсын Хөгжлийн агентлаг болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагт талархаж явдагаа уулзалтын үеэр илэрхийллээ. 2011 онд УИХ-аар батлагдсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрт” Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болох талаар тусгасан бөгөөд аврагчдыг сургаж дадлагажуулах бэлтгэлийг эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын Онцгой байдлын албаны аврагчид гадаад улс орон тухайлбал Япон Улсад 2011 онд тохиолдсон газар хөдлөлт, цунамигийн хор уршгийг арилгах ажиллагаа, 2015 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа зэрэгт оролцсоноос гадна НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.
Олон улсын үнэлгээний багийн гишүүд Онцгой байдлын албаны менежмент, үйл ажиллагааны үйл явц болон холбогдох бодлогын баримт бичиг, дүрэм, журмуудтай танилцана.

Мөн Онцгой байдлын албаны сургалтын систем, сургалтын бааз, техник хэрэгсэл, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тусгай бааз, техник хэрэгсэл, аврах багийн хангалт, үйлчилгээний зохион байгуулалт, гамшгийн хор уршгийг арилгах техник, хэрэгслийн нөөц, санхүү, хөрөнгө оруулалттай газар дээр нь танилцаж үнэлгээ өгөх юм.

Уулзалтын үеэр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монгол Улс Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болохыг зорин НҮБ-ын Эрэн хайх, авран туслах олон улсын зөвлөлдөх бүлгийг 2014 онд Монгол Улсад урьж эрэн хайх, аврах ажиллагааны чадавхид үнэлгээ хийлгүүлж, зөвлөмжийг хүлээн авсан. Зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болоход эхний ээлжинд гурван тал хамтран дотоодын чадавхыг дээшлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд өөрсдийн зүгээс хичээн ажиллах болно гээд Монгол Улсын Эрэн хайх, аврах чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах санал гаргасанд ШХА-ын Хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагт талархал илэрхийллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү