Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шар усны үерт өртөж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 145.3 км урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм.
“Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер Зам талбайн борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ, үерийн ус өнгөрүүлэх далан сувгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ажлын хэсэг байгуулах тушаал гарган ажиллаж байна. Геодези, усны барилга байгууламжийн газар өнгөрсөн өвлийн турш тасралтгүй ажилласан. Цаашид энэ ажилд шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шар усны үерийн эрсдэлийн байдлыг гэр хорооллын айлууд зохиомлоор бий болгож байна. Иргэд ахуйн хог хаягдал, үнс нурмаа шөнө оройн цагаар үерийн далан, суваг руу асгадаг. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулж халиа үүсгэж ойр орчмын айлуудыг үерт автуулах эрсдэлд оруулж байна. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн бид иргэдийн бүлэг байгуулж, иргэдийн бий болгосон хог хаягдлыг өөрсдийнх нь хүчийг ашиглан цэвэрлүүлэх урамшуулалт ажлыг зохион байгуулах гэж байна” хэмээнУлаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ярилаа.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үерийн усны аюултай бүсэд суурьшсан 2500 орчим айл өрхбайдаг. Үүнээс 1700 орчим нь ямар ч зөвшөөрөлгүй. Онцгой байдлын газраас холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран жил бүр урьдчилан сэргийлж, сануулах хуудсыг тарааж, нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр байгаа. Ялангуяа энэ жилийн хувьд их хэмжээний цас орсон учраас шар усны үер болох эрсдэл өндөр байна. Эрсдлээс сэргийлж тавдугаар сарын 1-нээс өмнө бүх далан сувгийг цэвэрлэж, гарц гольдирлуудыг нээх арга хэмжээг авч ажиллана”гэдгийг хэлж байлаа.
Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Манай байгууллага нь шар усны болон борооны усны үерийн аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгө, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахад гол үүрэг маань чиглэдэг. Бид арваннэгдүгээр сараас эхлэн булгийн халиа дошин үүсдэг газруудад урьдчилан сэргийлж, суваг шуудууг үүсгэн ажилласаар байна. Иргэдэд хандаж хэлэхэд, үерийн хамгаалалтын далан сувгийн ойр орчимд зөвшөөрөлгүй буух, далан сувгуудыг эвдэж, сүйтгэх, ахуйн хүрээний хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалмаар байна” хэмээн хэлсэн юм.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг үерийн далан сувгуудад хяналт шалгалтыг хийлээ. Хаврын улиралд байгалийн хүчин зүйлээс шалтгаалан шар усны үер болох эрсдэлтэй байдаг. Байгалийн хүчин зүйлээс гадна иргэдийн ухамсаргүй үйлдлээс үерийн далан суваг бөглөрөх асуудал гарч байна. Иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан зарим газарт шар усны үер болох эрсдэл их болоод байна” гэлээ.
Улаанбаатар хотод булаг, хөрсний усаар дүүрч халиа дошин үүсгэдэг таван байгууламж, ус зайлуулах системийн хэвийн үйл ажиллагааг хангахад 13 байршилд 4702 мкв далан суваг, шугам сүлжээг засварлаж, нөхөн сэргээх, дөрвөн байршилд 3480м үерийн далан сувгийг шинэчлэн засварлах шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.