Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагджээ. Энэ журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм.
Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заажээ.
Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст /байцаагч/ өөрийн биеэр гаргах боломжтой. Харин банк урьдчилан тэтгэврээ авах гэж байгаа хүний тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй учраас итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.