БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Д.Оюунхорол ноён Масато Такаокаг Элчин сайдаар томилогдсонд талархал илэрхийлэв.
Тэрбээр, манай хоёр орны байгаль орчны яамд 2006 оноос хамтын ажиллагааны механизм бий болсон. Өнгөрсөн онд Бодлогын зөвлөлдөх 10 дахь удаагийн уулзалтаа Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Өмнөх харилцаагаа дүгнэж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг БОАЖ-ын сайд онцлон хэлсэн.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэний нэг нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах судалгааны төв бөгөөд энэхүү төв нь байгаль орчны салбар дахь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны маш том хөрөнгө оруулалт болсон гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цохон тэмдэглэсэн.
Өнгөрсөн онд Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны шинэ хөтөлбөрийг байгуулахаар тохирсон. Энэхүү хөтөлбөрт тусгагдсан байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хоёр орны байгаль орчны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байгаадаа БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлсэн.
Тэрбээр, хоёр орны байгаль орчны салбарт болдог өндөр дээд хэмжээний Бодлогын зөвлөлдөх уулзалтыг чухал арга хэмжээ хэмээн үздэгээ илэрхийлсэн. Монгол, Япон хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжих бүрэн боломж бий. Шинэ нисэх онгоцны буудал хоёр орны хамтын ажиллагааны маш том төсөл болсныг цохон тэмдэглэсэн. Аль болох ойрын хугацаанд хурдан үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл Монгол Улсын эдийн засаг, аялал жуулчлалын салбарт ахиц гарна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн арьс ширний үйлдвэрүүдэд хэрэгжүүлэх төсөл, салхин цахилгаан станц, тавдугаар цахилгаан станц зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хоёр улсын хамтын ажиллагаа, байгаль орчны салбар дахь харилцаа ноён Элчин сайдын тусламжтайгаар цэцэглэн хөгжихийг ерөөлөө хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.