Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана


8 жил

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хороодын төрийн албан хаагчид, ажилтнууд болох хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон хэсгийн ахлагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Түүнчлэн иргэдтэй хамгийн ойр, төрийн анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хүрээ, агуулга, хөтөлбөрийг боловсруулах, хорооны түвшинд боловсруулсан сургалтын хүрээнд үндэслэн нийслэлийн захиргааны байгууллагын бүх түвшинд сургалтын хүрээг боловсруулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхийг урт хугацаанд бэхжүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг тус санамж бичигт тусгажээ.

НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан, Удирдлагын академи дэмжлэг үзүүлж төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах сургалт явуулах болж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна” хэмээлээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Азийн сан нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 3.5 жилийн хугацаатай “Хотын засаглалыг сайжруулах” төслийг 2015 оны есдүгээр сараас хэрэгжүүлж байгаа. “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн зорилго нь орон нутгийн түвшинд засаглал, удирдлагыг бэхжүүлж, ардчилсан, нээлттэй ил тод засаглалын зарчмуудыг дэмжин, иргэд сонгогчдын өмнө хариуцлагатай байж, тэдгээрийг тогтвортой, найдвартай үйлчилгээгээр хангахад орон нутгийн удирдлагад дэмжлэг үзүүлэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү