2017 онд Таван толгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлэхээр төлөвлөжээ. Станцын хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны сүүлээр Сингапурт уулзсан бөгөөд төслийн танилцуулга зэрэг ерөнхий сэдвээр яриснаас өөр тодорхой мэдээлэл байхгүй. Хөрөнгө оруулагч Марубени санхүүжилт хүндрэлтэй байна гэж яригдаж байсан ч төслийн нэгжээс үгүйсгэсэн юм.
Засгийн газар Таван толгойн нүүрсний орд дээр 450 МВт-ын жилд дунджаар нэг сая орчим тонн эрчим хүчний нүүрс хэрэглэх тооцоотой цахилгаан станц барихаар төлөвлөсөн. Станцын барилгад 3000 гаруй, дийлэнх нь Монголчууд оролцоно. Станц ажиллаж эхэлсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого орно гэж Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжийнхэн өмнө нь мэдээлж байв. Цахилгаан станц ашиглалтад орж, үйл ажиллагаа нь жигдэрснээр мэргэжлийн 200 орчим байнгын ажлын байр бий болох юм.
Төслийг хариуцагч Марубени корпорац нь Японы олон улсад үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэгээрээ эхний тавд жагсдаг ба үр тариа, цаасан шахдасны худалдааны зах зээлд том байр суурь эзэлдэг төдийгүй эрчим хүч, үйлдвэрийн дэд бүтцийн төхөөрөмжний салбартаа хүчтэй өрсөлдөгчид тооцогддог байна.