Өчигдөр буюу Пүрэв гарагт холбооны давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын муслим хүн ам голлодог долоон орноос ирэгсдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг сэргээхээс татгалзлаа.
Сан Франциско хотын давж заалдах шатны шүүхийн гурван шүүгч санал нэгтэй ийм шийдвэр гаргаснаар хориглогдсон долоон орны иргэд АНУ-д үргэлжүүлэн зорчих боломжтой болж байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэр “Шүүх дээр уулзацгаая! Манай орны аюулгүй байдал эрсдэлд орлоо!” гэж бичсэн байна.
Одоо Дональд Трамп АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах хэрэгтэй болж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон, Миннесота мужууд Трампын хоригийн эсрэг шүүхэд гомдол гаргаснаар хоригийг түр цуцлаад байв. Үүний дараа Хууль зүйн яам Сан Францискогийн шүүхэд давж заалдсан нь ийм үр дүнд хүрлээ.
Нэгдүгээр сарын 27-нд гаргасан Трампын шийдвэрт Иран, Ирак, Сири, Сомали, Судан, Ливи, Йемен гэсэн долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон юм.