“Өвөл хүйтэн болдог” гэдгийг зөвхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төдийгүй монгол даяар, цаашилбал дэлхий даяараа мэднэ. Тиймдээ ч өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч, дулааны станцуудаа бэлддэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүйтрээгүйгээрээ энэ жил хүйтэрсэн нь Эрчим хүчний сайдын хийгээд салбарын бэлтгэл ямар хэмжээнд байгааг харуулчихлаа.

Дээр нь жил бүр эрчим хүчний станцыг өргөтгөх, шинээр барих, дулааны станцийг засвар ашиглалиыг нэмэгдүүлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж ирсэн нь үнэндээ хэдхэн авлигчин гарын гараар ороод дууссаныг иргэд бид сая мэдлээ.


Эрчим хүчний салбарт 35 жил ажилласан гэж өөрийгөө дөвийлгөж ярьж ирсэн Эрчим хүчний сайд асан С.Тавинбэх үнэндээ энэ салбарыг 35 жил доройтуулж, өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан, Эрүүгийн хуулийн 22.1.3-д заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг болох “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, ингэхдээ улс төрд нөлөө бүхий этгээд, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдэн нийгмийн боломжийг хулгайлж, өөрсдөө баяжчихжээ.

Тэдний авлигын харгайгаар та бид 21-р зуунд тог цахилгаангүй өдрүүдийг угтаж байна.

Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудын сүүлийг барьдаг төдийгүй жил ирэх тутам хойш ухарсаар байгаа. Энэ үйл явдал нь тэр бүр жирийн иргэд та бидэнд тэр бүр мэдэгддэггүй явж ирсэн бол одоо улам бүр мэдэгдэж, та бид ажил амьдралаараа авлигачдын өр төлөөсийг төлөх боллоо.

Монгол Улсад цахилгаан станц барих хөрөнгө оруулалтыг царцааж, бариулаагүйн үр дүнд өнөөдөр та бид хөхөө өвлийн хүйтэнд нийслэл хотдоо гэрэл цахилгаангүй болж, хэдэн цагаар лаа барихдаа тулж байна.
Одоо болно, АВЛИГАЧИДАА..., та нар Монгол түмний боломжийг олон жил эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “хулгайллаа”. Авлигын бууруулах, авлига авсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцуулах, нүүрсний хулгайчдийн нэрсийг зарлуулахын тулд ард түмэн 2022 оны 12 сард Сүхбаатарын талбайд олноороо жагсаж, үүний үр дүнд Эрүүгийн хуульд авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд оногдуулах ялын хэмжээг өндөр болгосон боловч өнөөдрийг хүртэл улс төрчид, авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд энэ зүйл янгиар ял зэм хүртээгүй байна. Харин одоо С.Тавинбэх ба түүний хамсаатнууд энэ зүйлээр ял шийтгэлээ хүртэх биз.
Энэ бүхний цаана цагаан захтай авлигачид авлигын мөнгөөрөө хууль, шүүхийнхэнийг авлигадаж, ялаа “найцаалцдаг” тухай яриа олны дунд явдаг нь нууц биш болсон.

ТЭГВЭЛ одооноос АТГ-ын комиссарууд, мөрдөгчид, прокурорууд болон тэдний дарга нар, Шүүгчид та бүхэн элдэв танил тал, өнгө мөнгөнд авталгүй ШУДАРГА ажиллаж, авлигачидад оногдуулах ёстой хуулийн хариуцлагыг нь хүлээлгэж ӨГӨӨЧ гэж ард түмэн та бүхнээс хүсэх байна.

Эс бөгөөс энэ улс орон авлигадаа ЖИВЖ, иргэд та бидний амьдрах орчин улам бүр доройтож, эх орон маань сүйрэл рүүгээ явах нь байна гэдгийг эрхбиш хуулийнхан та бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна.
Ц.Мөнх
Amlalt.mn
0
0
0
0
0
0