Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө


5 цаг

УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарсан. Ирэх Лхагва гаригийн төсвийн байнгын хорооны сонсголоор Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх төлөвлөжээ. Д.Загджав жилийн өмнөөс буюу 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн юм. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа аж.

УИХ 2019 оны тавдугаар сарын 9-нд ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилсон. Д.Занданбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Д.Загджав даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жилийн өмнө жинхэлсэн юм. Гэвч түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байна.

Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг байгууллага юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.

Боловсрол:

  • 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
  • 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
  • 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/

Ажилласан байдал:

  • 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
  • 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
  • 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
  • 2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
  • 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
  • 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдох хүнд дараах шаардлагыг тавьдаг. Төрийн аудитын тухай хууль

28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

28.2.1. 45 нас хүрсэн байх;

28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;

28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;

28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;

28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү