УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “УЕП-ын газрын дарга ХБНГУ-д урт удаан хугацааны эмчилгээнд явсан. Үүний дараа түүний орлогч С.Алиманцэцэг УЕПГ-ыг удирдаж байсан. С.Алиманцэцэг нь ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхтэй шууд хамааралтай.
Нийслэлийн прокурорын газрын дарга байсан Ш.Нямдорж, түүний дор ажиллаж байсан С.Мөнхгэрэл, н.Пүрэвдагва, бидний сайн мэдэх лифтэнд оцгонодог Б.Баасанцогт гээд маш том сүлжээ ажиллаж байсан. Энэ хүмүүсийг би Х.Баттулгын удирдлага дор ажиллаж байсан гэж боддог. Энэ сүлжээ нуран унасан.
Түүнийг унагасан хүн нь Б.Жаргалсайхан прокурор ч гэлээ ноёны өмнө бөхөлзөөд байгаа юм шиг хандлага гаргадаг. Энэ хүн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн гээд би хувь хүний хандлагаар хандаж болохгүй. Дөнгөж сая УЕП-ыг улираах шийдвэрийг би дэмжиж гар өргөөд гарч ирлээ. Хууль хүний царайг хардаггүй тогтолцоог бүрдүүлээрэй гэж амжилт хүсэж гар бариад гарч ирлээ. Прокурорын мөрдөнг дахин сэргээх ёстой юм байна.
Энэ ноцтой алдаа байсан. Аливаа шүүх хуралд өмгөөлөгч, улсын яллагч буюу прокурор энэ тэнцүү эрхтэй байхаар хуульчилмаар байна. Прокурор нөлөөнд ордоггүй байх ёстой. Гэтэл нөлөөнд автаж буйг хэрхэн өөрчлөх ёстой юм бэ. Төрийн ордны аль нэг жигүүрээс үүрэг даалгавар авч хүн ялладаг байж болохгүй гэж хэлээд байгаа юм. Надад айгаад байх зүйл огт алга. Сонголтгүйгээр оруулж ирдгийг болиулмаар байна. Би хонгилоор явж байсан хүний хувьд гомдолтой байдаг. Хилс хэргээр би шоронд суусан хүн. Ууртай байхгүй гээд яах юм" хэмээлээ.