Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 35 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтан АН-ынхан Их хурлаа хийж буй бөгөөд хуралдааны өмнө ҮБХороо хуралдаж, ШИНЭ намыг эгнээндээ элсүүлэх тухай болон зарим албан тушаалтнуудын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Ганибалыг жинхлэх эсэх асуудлаар ҮБХороо санал хурааж, дэмжсэн байна.
Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар АН-ын дарга Лу.Гантөмөр UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Энэ өдрийг бид хүндэтгэл дүүрэн тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Тухайн үед байгуулагдаж байсан нөхцөл, ард түмний хүсэл мөрөөдлийг ярилцаж, аль нь биелэж, аль нь биелээгүйг тунгааж, гурван үеэрээ ирээдүйд хийх ажлаа төлөвлөдөг.
Өнөөдөр бол АН-аас хэдэн жилийн өмнө салж гарсан ШИНЭ маань эргэж ирэх шийдвэрээ гаргасныг өнөөдөр намын Их хурлаараа хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Намын даргын илтгэлээрээ өнгөрсөн хугацааны ололт, амжилтаа мэдээж дүгнэнэ. Залууст үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эд хөрөнгөтэй байх, эвлэлдэн нэгдэх үндэсний эрх ашгийн төлөө бид нэгдэж байсан.
Энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэсээр энд ирсэн байна. Малыг малчдад өгч, орон сууцыг нь эзэмшүүлж, монгол хүнээ ажилтай, орлоготой болгож байлаа. Гэхдээ хүрээгүй зүйл ч бас байгаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд орж байна. Шийдэх зүйл ч уул овоо шиг их бий. Хамгийн чухал нь эдийн засгийн эрх чөлөөнд хүрч, хөгжиж дэвших ёстой гэсэн үзлийн төлөө АН-ынхан хамтарсан Засгийн газарт орсон. Монгол Улс хөгжих ёстой, босох ёстой гэж дүгнэж байгаа учраас үүнийгээ өнөөдрийн Их хурлаар хэлэлцүүлнэ. Дүрмээ батлуулсны дараа бүтцийн асуудлаа ярина. Дотоод асуудлаа энэ онд бүрэн шийднэ” хэмээжээ.