Утаанд 1.7 их наядыг зарцуулсан


1 өдөр

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдвээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Бид өчигдөр хэлэлцсэний хүчинд хэдэн хүн нас барсан тоог гаргаж чадлаа. Маргаангүй боллоо. Үүнтэй адил бүх асуудлыг эргэлзээгүй болгох ёстой. Хариуцлага гэхээр хэн нэгнийг шоронд хийх талаар бодож байна. Эхлээд хэн хаана ямар алдаа хийснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Манай яам, нийслэл ийм алдаа гаргаснаа зөвшөөрөх хэрэгтэй. Эрчим хүчний яам эх үүсвэргүй байж айлуудыг цахилгаанаар хангана гэж дэмжсэн гэдгээ зөвшөөрснөөр хариуцлага эхэлнэ. Бүх байгууллага 15 жил алдаа хийсэн нь үнэн. "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн түлш, нийт төсөв, ажилтны тоо хэмжээг хэлж өгөөч. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль гэж байдаг. Энэ мөнгийг хаашаа зарцуулсан бэ?

"Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөл:

-"Тавантолгой түлш" ХХК 2018 оноос хойш нийт 2.7 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн. Тодруулбал, 2020 онд 478 мянган тонн, 2021 онд 554 мянган тонн, 2022 онд 547 мянган тонн, 2023 онд 504 мянган тонн, 2024 онд 510 мянган тонн түлш үйлдвэрлэсэн. Зургаан жилийн хугацаанд 18 мянган хүн ажилласан. 2018 онд 94 хүн, 2019 онд 2522 хүн, 2020 онд 4213 хүн, 2021 онд 3604 хүн, 2022 онд 3117 хүн, 2023 онд 3061 хүн, 2024 онд 1853 хүн ажиллаж байна. Нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс 320 тэрбум төгрөгөөр түлш борлуулсан, ЭТТ компаниас 1.3 их наядын татаас татсан. Агаар орчны үндэсний хорооноос 67 тэрбум төгрөг, нийслэлээс 38 тэрбум төгрөг авсан.

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх:

-Шөнө эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр буурдаг. Тийм учраас үүнийг ашиглан бид гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар шийдэж байгаа нь зөв шийдэл. Хэрэглээний балансыг тохируулж байгаа. Бид зарим үед экспорт хийх хэмжээнд зохицуулдаг байсан. Төрөөс санхүүг нь даасан учраас том дэмжлэг болсон. Гэр хорооллын халаалтыг цахилгаанаар шийдэхтэй холбоотой дэд бүтцийг шинэчлэх бүх төсөл, тооцоо манайд байгаа. Дотоодын санхүүгээ тооцоолж, асуудлаа шийдэж ирсэн. Бид 40 мянган айлыг цахилгаанаар шийдэх дэд бүтцийг шийдсэн. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү