Франц Улсын шүүхээс Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган болон Ашигт малтмалын газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Үүрийнтуяа нарт "Арева" компани 1.2 сая ам.долларын авлига өгсөн нь тогтоогдоод, "Арева" компанид Францын шүүх хариуцлага тооцсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудалд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Мониторингийн хэлтсийн дарга Д.Үүрийнтуяа тайлбар өглөө.
Тэрбээр "Тийм өндөр хөгжилтэй улс орон надаас нэг ч асуулт асуухгүйгээр шүүхийн шийдвэр гарсан гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр ийм асуудал байгаа бол Францаас ирсэн мэдээллээ ил болгох хэрэгтэй. Намайг энэ асуудалтай холбогдуулахдаа зөвхөн Францаас биш Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Прокуророос албан ёсоор дүгнэлт ирсэн. Тиймээс мэдээллээ ил болгооч гэж байгаа юм. Би 2016 онд ажлаа өгснөөс хойш 2017 онд Ерөнхийлөгчийн Хүний хөгжлийн нийгмийн бодлогын орон тооны зөвлөхөөр ажилласан. 2020, 2024 онуудад УИХ-д нэр дэвшсэн. Энэ бүх хугацаанд Авлигатай тэмцэх газрын шаардлагыг асуудал, зөрчилгүй хангасаар ирсэн. Өнөөдөр мөн би Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Мониторингийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Энэ ажилд томилогдохдоо ч Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй гэх үндэслэлээр томилогдсон. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сайд намайг энэ асуудалд үндэслэлгүйгээр гүтгэж, миний амь, эрүүл мэнд, бүх зүйлд заналхийлсэн мэдээлэл гаргалаа гэж үзэж буй учир албан ёсоор хууль хяналтын байгууллагад шалгуулна. Намайг өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаагүй. Харин ажлаа өгсний дараа жил, зургаан сарын хилийн хориг тавьж байгаад шалгасан. Мэдээж шалгах нь зүйтэй байх. Гэхдээ надаас зуун төгрөгийн ч зөрчил дутгадал илрээгүй. Би төрийн өндөр албан тушаалыг хариуцлагатайгаар хашиж ирсэн" гэв.