1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлаар хэлэлцэн баталжээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр гэж заасан байдаг. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж, өнөөдөр Монгол Улсын Их Хуралд 5 нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдлээ. Өнөөдөр тохиож буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр бол Монголчууд бид тусгаар тогтносон, бүрэн эрхт эх орон, түүх, соёлоороо бахархах, үндсэн хуульт ёсыг нандигнан цэгнэх өдөр юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Мэдэгтүн, сахигтун!” гэснийг даяар олноо бүрэн хэрэгжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Та бидний үйл хэрэг улам дэлгэрэн батжихын ерөөл дэвшүүлье" хэмээжээ.