Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41.9-т “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн заалт байдаг. Энэ заалт олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Энэ заалттай холбоотой УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Энэ заалт 2024 онд гэв гэнэтхэн гараад ирээгүй. 1992 оны УИХ-ын тухай хууль, 1996 оны Гишүүний эрх зүйн байдлын тухай хууль, 2006 оны УИХ-ын тухай хууль, 2020 оны УИХ-ын тухай хууль дээр тус тус байсан. Надад хуулийг зөв, буруу гэж ярих эрх байхгүй. Хууль санаачлагч эрх бүхий хүмүүст бол байгаа. Өмнөх парламентад сууж байсан 76 гишүүний 38 нь дахин сонгогдсон. Сонгогдоогүй гишүүдээс 30 орчим нь тэтгэмж аваад явж байгаа. Тэтгэмж авах хүсэлтээ гишүүд сар, сардаа өгдөг юм. Товчхондоо бол энэ хүсэлтээ өгөөгүй, тэтгэмжээ аваагүй гишүүд байгаа” хэмээв.