2024 ОНД ДЭЛХИЙД ӨРНӨСӨН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ


4 долоо хоног

Дэлхийн сонгуулийн жил гэж нэрлэгдсэн энэ онд олон улсын сонгуулиудаас гадна хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпын наадам зохион байгуулагдаж, Европ тивд өрнөж байгаа хоёр мөргөлдөөн ч улам ширүүсэв. Зөвхөн улс төр, нийгмийн эдгээр онцлох үйл явдлаас гадна хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны нээлтүүд ч гарч, дэлхий дахинд томоохон бүтээн байгуулалт, сэргэлтийн ажлууд эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эргэлт.мн мэдээллийн сайтаас 2024 онд дэлхий дахинд болсон онцлох 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.

СОНГУУЛИЙН ЖИЛД БОЛСОН ТОМООХОН СОНГУУЛИУД

Дэлхийн сонгуулийн жил гэгдэж буй 2024 онд 80 орчим орон Ерөнхийлөгч, парламент, орон нутгийн сонгуулиа хийсэн. Тухайлбал, манай гаригийн нийт хүн амын 40 гаруй хувь, дөрвөн тэрбум хүн, ДНБ-ий 54 хувийг хамруулсан сүүлийн хэдэн жилд тохиогоогүй дэлхийн их сонгуулийн жил болсон билээ.

Их сонгуулийн жилд болсон сонгуулиудаас дэлхийн анхаарлыг хамгийн их татсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байв. Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд Найрамдах намаас экс Ерөнхийлөгч Дональд Трамп, бие даан Роберт Кеннеди Жуниор нар нэр дэвшсэн. Гэсэн ч сонгуулийн кампанит ажлын үеэр Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Жо Байден нэрээ татаж, өөрийнхөө оронд дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг дэвшүүлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Камала Харрис, Дональд Трамп нарын дунд болсон билээ. Улмаар сонгуулийн хураалтын өдөр гол хоёр нэр дэвшигчийн санал тэнцүүхэн байсан ч экс Ерөнхийлөгч Д.Трамп гол мужуудаас олон санал авснаар хоёр дахь удаагаа Цагаан ордныг удирдах, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Мөн энэ жилийн болсон сонгуулиудаас онцлох нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Үндсэн хуулиа өөрчилж, дахин төрийн тэргүүнээр сонгогдох эрхээ нээж, сонгуульд оролцон үнэмлэхүй саналаар Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон сонгууль байв. Түүнчлэн дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэгийн парламентын сонгууль ч энэ жил болсон бөгөөд Ерөнхий сайд Нарендра Модигийн нам ялалт байгуулж, тэрбээр Засгийн газрын тэргүүний суудалдаа үлдсэн билээ. Энэ мэтчилэн дэлхийн их сонгуулийн жилд болсон олон улсын сонгуулиудыг ерөнхийд нь багцалбал, 2024 онд демократ үзэлтнүүд ялагдал хүлээж, нөгөө талаараа либералууд ялалт байгуулсан сонгууль олон болсон жил байв.

ЯПОНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТ

Япон Улсын төвийн бүсийн Ишикава мужид өнгөрсөн нэгдүгээр сард 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, олон хүн амь эрсдэж, барилга байшин сүйдэж, их хэмжээний хохирол учирсан гамшиг болсон.

Тодруулбал, Японы Ишикава мужид оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж эхэлсэн бөгөөд газар хөдлөлт 90 минут үргэлжилсэн байдаг. Газар хөдлөлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдсан бөгөөд мужийн онцгой байдал, аврах албаны ажилчдын хүчин чадал хүрэлцэлгүй зэргэлдээх мужуудаас аврагчид нэмэлтээр очсоноор сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг явуулсан. Гэсэн ч газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлын хэмжээ хэдэн тэрбум ам.доллар бөгөөд Ишикава мужийн 7.6 магнитудын газар хөдлөлт тус улсад 2011 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болон бүртгэгдсэн юм.

ОРОСЫН СӨРӨГ ХҮЧНИЙ УДИРДАГЧ А.НАВАЛЬНЫЙ ХОРИХ АНГИД АМИА АЛДАВ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн хоёрдугаар сард хүнд дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаад нас барсан. Тодруулбал, хорих албаны мэдээлснээр А.Навальныйгийн бие гэнэт муудаж, ухаан алдсан бөгөөд цаг гаруйн хугацаанд сэхээн амьдруулах гэж оролдсон ч амьсгал хураасан. Харин талийгаачийн ар гэрийнхэн Холбооны хорих алба үхлийн шалтгааныг буруу мэдээлсэн, эрх баригчид цогцсыг нь ар гэрийнхэнд хүлээлгэж өгөхгүй нууж байгаа тухай мэдэгдсэнээр Оросын зарим хотод жагсаал зохион байгуулагдаж, иргэд гашуудал зарласан билээ.

ПАРИСЫН ОЛИМПЫН НААДАМ

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон 33 дахь удаагийн зуны олимпын наадам өнгөрсөн зун Францын нийслэл Парис хотод болж өндөрлөсөн. Нээлтийн ёслолоосоо эхлэн олны шүүмжлэлийг дагуулсан ч тус ёслолд нэрт дуучин Селин Дион эргэн ирж, дуугаа олон нийтэд хүргэсэн зэрэг эерэг мэдээ түлхүүтэй явснаар Парисын олимпын нээлтийн ёслолын маргаан өндөрлөсөн.

Энэ удаагийн наадамд АНУ хамгийн дээд амжилт үзүүлж, 126 алтан медаль хүртэж, олимпод оролцсон бусад орноо тэргүүлсэн. Харин дээд амжилт үзүүлсэн АНУ-аас гадна эмэгтэйчүүдийн боксын төрөлд оролцсон Алжирын тамирчин Иман Хелифийн асуудал, буудлагын төрөлд Туркээс оролцсон гараа халаасандаа хийж байгаад нүдний тусгай хамгаалалтгүй буудсан Юсуф Дикеч, Өмнөд Солонгосын тамирчин Ким Еэ Жи зэрэг тамирчин олимпын тамирчдаас илүү олны анхааралд өртөж, дэлхийн ярианы сэдэв болж байлаа.

ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД УКРАИНД БАЙЛДАЖ ЭХЛЭВ

2024 оны эхээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар чухал уулзалт эхлүүлсэн. Харин үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр Хойд Солонгост айлчилж, тус орны удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийснээр хоёр орны харилцаа илүүтэй өргөжиж, Хойд Солонгосоос ОХУ-д цэргийн дэмжлэг ч үзүүлдэг болов.

Тодруулбал, Украины нутагт хоёр хэртэй хугацаанд дайтаж байгаа ОХУ-ыг цэргийн хүчин чадал багатай болж буйг барууны хэвлэлүүд удаа дараа мэдээлсэн. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч өнгөрсөн хавар 150 мянган цэрэг татах зарлиг буулгаж, улсынхаа өнцөг булан бүрээс цэрэг татсан. Харин дээр дурдсан хоёр айлчлалын дараачаас Хойд Солонгосын цэргүүд Украинд байлдаж эхлэх болсон бөгөөд Өмнөд Солонгосын тагнуулын албаны хамгийн сүүлийн мэдээгээр Хойд Солонгосын 10 мянга гаруй цэрэг Оросын армид нэгдэж, Украинд байлдаж байгаа гэнэ.

БИТКОЙН ХАНШ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСОН НЬ

Биткойны ханш анх удаа 100 мянган ам.доллар давсан нь цар тахлын үед тогтоож байсан амжилтаа эвдэж, криптовалютын дээд амжилтыг шинэчилсэн явдал болов. Харин биткойны ханш ийн өссөнийг эдийн засагч, шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсантай холбон тайлбарлаж байгаа бөгөөд түүний сонгуульд ялалт байгуулбал криптовалютыг илүү уян хатан зохицуулалттай болгоно гэж амласныг голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

РЕППЕР “ДИДДИ”-ГИЙН ХЭРЭГ БА АЛДАРТНУУДЫН ГАЖ ҮДЭШЛЭГ

Дэлхийн алдартнуудыг цуглуулж, “Freak Off” нэртэй гаж үдэшлэг зохион байгуулдаг, дуучин Жастин Биберийг өсвөр насанд нь хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа Америкийн реппер “Дидди” буюу Шон Комбстой холбоотой мэдээллүүд энэ жилийн алдартнуудыг тойрсон хамгийн том мэдээлэл байв.

Тухайлбал, түүнийг дуучин Жастин Биберийг өсвөр настай байхад хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн хугацаандаа хүчирхийлж байсан тухай мэдээлэл цацагдахад реппер “Дидди”-г Манхэттэн дэх зочид буудлаас нь баривчилсан байдаг. Харин түүнийг баривчилснаас хойш нэрт дуучныг хүчирхийлснээс гадна удаа дараа бага насны эрэгтэй, эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан байж болзошгүй хэргийн гэрчүүд гарч эхэлсэн бөгөөд реппер “Дидди” буюу Шон Комбст 1991-2024 оны хугацаанд хүчирхийлүүлсэн 120 гаруй хүн Холбооны мөрдөх товчоонд хандсан тухай мэдээлэл гарсан. “Дидди” баривчлагдсаныхаа дараа шүүхэд 60 сая ам.долларын барьцаа үлдээж, батлан даалтаар гаран гадуур байцаагдаж хүсэлтээ илэрхийлсэн ч шүүхээс түүнийг “Оргон зайлж болзошгүй” гэж үзэн хүсэлтийг няцаасан байдаг. Түүний хэрэгт холбогдох шүүх хурал ирэх 2025 оны тавдугаар сарын 5-нд болно.

Харин түүний зохион байгуулдаг “Freak Off” нэртэй гаж үдэшлэгт нэрт реппер Jay-Z, түүний эхнэр Бейонсе, Dr.Dre, Usher, Крис Браун, Рик Росс, Дрейк нарын уран бүтээлчдээс гадна сагсан бөмбөгч Леброн Жеймс, хөл бөмбөгч Дэвид Бекхэм нарын алдартнууд оролцдог, инфлюнсер, хөтлөгч Уинфри Опра хөтөлдөг байсан гэсэн мэдээлэл цацагдаад буй.

“ХЕЗБОЛЛА”, ИЗРАИЛЫН ДУНДАХ МӨРГӨЛДӨӨН

2023 оны аравдугаар сард эхэлсэн Палестины хэв даврагч бүлэглэл “Хамас”, Израилын дундах мөргөлдөөн өдгөө ч үргэлжилж байгаа. Харин энэ хугацаанд Ливаны “Хезболла” бүлэглэл “Хамас”-ыг дэмжиж буйгаа илэрхийлж, Израилын тал руу цохилт өгснөөр Ойрх Дорнодод Израил, Ливаны дунд дахин нэг мөргөлдөөн болсон. “Хезболла” бүлэглэл Израил руу халдсанаас хойш Ливаны хилийн орчимд бараг өдөр бүр мөргөлдөөн болж байгаа бөгөөд мөргөлдөөний улмаас 1300 гаруй хүн амь үрэгдэж, 17 мянга орчим хүн шархадсан байдаг.

Харин “Хезболла”, Израилын дундах мөргөлдөөн хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан билээ.

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН НЬ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл энэ сарын эхээр мэдэгдэл хийж, Өмнөд Солонгос даяар цэргийн онц байдал зарласан. Цэргийн онц байдлыг БНСУ нь дайн, мөргөлдөөний үеийн онцгой түгшүүрийн үед зарладаг бөгөөд тус улсын хувьд сүүлийн 45 жилийн турш цэргийн онц байдалд зарлаагүй байв. Харин 45 жилийн дараах ардчиллын үед зарласан цэргийн онц байдлаар Солонгосын армийн цэргүүд, танк, хуягтууд нийслэл Сөүл хот руу орж, парламентын ордон, сөрөг хүчний намын байр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байранд хамгаалалтад гарч, хаалт хийгээд байсан. Улмаар тус улсын парламент Аюулгүй зөвлөлийнхөө байранд нууцаар хуралдаж, санал хурааснаар Ерөнхийлөгчийн зарласан цэргийн онц байдлыг цуцалсан.

Харин онц байдал цуцлагдсанаас хойш Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Юн Сок Ёл огцрох тухай асуудал яригдаж эхэлсэн бөгөөд өдгөө парламентын гишүүдийн дийлэнхийн саналаар түүнд итгэл үзүүлэхгүйгээр огцруулах шийдвэрт санал нэгдсэн. Ингэснээр Юн Сок Ёлын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд төрийн тэргүүний суудлаас нь буулгах эцсийн шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн цэц гаргахаар хүлээгдэж байгаа юм. Хэрэв огцруулах санал батлагдвал Юн Сок Ёолын бүрэн эрхийг шууд түдгэлзүүлж, тус улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч болох гэнэ. Улмаар Үндсэн хуулийн шүүх эцсийн шийдвэрийг гаргаснаар 60 хоногийн дотор дахин сонгууль явуулж, БНСУ-ын Ерөнхийлөгчийг шинээр сонгох аж.

ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ, ДАХИН НЭЭЛЭЭ

Парисын Дарь эхийн сүм одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гал түймэрт өртөж, ноцтой сүйдээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд Франц Улс дотоодоосоо санхүүжилт гаргаж, гаднаас хандив аван тус сүмийг сэргээн засварлаж байсан бөгөөд шинэ өнгө төрх бүхий Парисын Дарь эхийн сүмийн энэ сард албан ёсоор нээлээ.

Тодруулбал, Нотр-Дамын сүм түймэрт өртөн сүйдсэний дараа холбогдох албанаас 700 сая орчим еврогоор сэргээн босгох тооцоо гаргаж байв. Харин өнгөрсөн таван жилд сүмийг сэргээн засварлахад зориулан дэлхийн 150 орноос 846 сая евро цугласан бөгөөд сүмийг дахин босгоход 250 орчим компани, 1300 гаруй уран бүтээлч, барилгачид оролцсон гэнэ. Шинээр сэргээн засварласан Парисын Дарь эхийн сүмд шинэ тахилын ширээ, алтан загалмай зэрэг шинэ бүтээл урласан бөгөөд таазыг нь илүү өндөр болгосон гэнэ. Мөн дотоод зохион байгуулалтыг шинээр хийж, зайг нь нэмэгдүүлсэн бөгөөд 2017 оны байдлаар 12 сая орчим жуулчин авдаг байсан Нотр-Дамын сүм ирэх жилээс жилд 14-15 сая жуулчин хүлээх авах юм байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү