Улстөрчид өө, утааг бууруулах шийдлээ өөрсдөө боловсруул

Улстөрчид өө, утааг бууруулах шийдлээ өөрсдөө боловсруул


1 өдөр

Төрийн тэргүүн “УТАА чинь сүйд боллоо” гэсэн биш, улс даяараа сүйд болж байх шив. Улс даяараа ч юу байхав улстөрчид нэгэнт тодорхой асуудал дээр зарим нэг нь “пажига” авч нэг хэсэг нь далимдуулж оноо авахаар оролдож буй бололтой. Түргэн авсан дарга нар чаддагаараа баахан сүржин нэртэй ажлын хэсэг, хяналт шалгалтын баг өөр юу юуны ч хороо байгуулаад байгаа юм бүү мэд. Ажлын хэсэг байгуулаад ажил үр дүнтэй урагшилдаг бол аль хэдийн цэнгэг агаартай Улаанбаатар болчихсон байх ёстой л доо. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгой түлш компанийн үйлдвэртэй танилцлаа гээд зураг хөргөө цахим орчинд гайхуулсан бол НИТХ-ын төлөөлөгч нар үйлдвэрлэлийн шугамаа ойлгохгүй шахам хэдэн нөхөд очиж бас сүржигнэжээ. Лайв хийж далдаганаж байгаа ч харагдах шиг. Одоо бүр утаа угаар, хор хөнөөлийг орчин үеийн шинжлэх ухаан биш улстөрчид хэмжиж дүгнэдэг боллоо шүү. Уг нь компанийн удирдлагууд “Түлшний чанар тогтоосон стандарт хэмжээнд байгаа, орц найрлага анхнхыхаараа байгаа” гэдгийг тов тодорхой хариулсан.

 Хамгийн инээдтэй нь улстөрчид түлшний үйлдвэр дээр очоод ярьж, асууж байгаа нь хөх инээд хүргэм.  Нүүрс боловсруулдаг үйлдвэр, үйлдвэрийн удирдлагаас Утаа яагаад ихсээд байгаа юм бэ? гэж асуугаад сууж байх. Бас болоогүй, та нарт утааг бууруулах ямар шийдэл байна гэж асууж, тэднийг улалзуулж ч байх шиг. Гэтэл тэд чинь бодит байдал дээр утаа бууруулах үндсэн үүрэгтэй бүтэц биш шүү дээ.

Эрх мэдэлтэн дарга даамал уурлаж загнахаар л улсаараа нэг юм болдог, эрдэмтдээс биш улс төрчдөөс бүрдсэн маш олон ажлын хэсэг байгуулж ард түмэнд ажил хийсэн дүр эсгэдэг болж.

Угаасаа шахмал түлш утаа бууруулах цогц шийдэл биш, богино хугацааны шийдэл байсан. Утаа багассан эхний жилүүдэд “утааг яллаа, утаагүй түлш үр дүнгээ өглөө” гэж хөөрцөглөж дээр дооргүй хашгирч, ард түмний тархи угаах ажил хийж байхын оронд цахилгаан, дулааны станциудаа эхлүүлж байхгүй яасан юм. Хожмын нэг өдөр утаатай тулгарах үед утааг бууруулах төрийн бодлого яг хаана байгаа юм бэ. Хаанаас гарах ёстой юм бэ? Агаарын бохирдолтой нүүрс үйлдвэрлэдэг компани тэмцэх ёстой бил үү? Асуултаа арай л андуурч тавиад, бодлогыг буруу газраас хайгаад байгаа юм биш үү, улстөрчид өө.

Нөхөрсөг зөвлөгөө, хоолойгоо шахаж чанга дуугарах нь үнэн болдоггүй юм шүү, тоо худлаа хэлдэггүйг эрх биш мэднэ биз дээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү