УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх болж буй бөгөөд үүний өмнө Байнгын хороод хуралдаж, харьяалах яамдын төсвийг хэлэлцэж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хууль сахиулах байгууллагынхны төсвийг танах асуудал яригдах үед сайд О.Алтангэрэл бухимдаж, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “УИХ-аас хууль сахиулах байгууллагыг ийм, ийм ажил хий гээд хууль баталсан. жишээлбэл, Энэ он гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага цагдаагийн байгууллагаас баривчлах байрыг шилжүүлж авна.
Баривчлах байр эрүүлжүүлэх хоёр хамтдаа байдаг. Орон тоо нэг гэсэн үг. Цагдаа дээр эрүүлжүүлэх нь үлдэнэ. Шийдвэр гүйцэтгэл дээр баривчлах байр очно. Шийдвэр гүйцэтгэл дээр баривчлах байр шилжиж ирэхээр харуул манаа, ээлжийн ахлагч, эмч, сувилагч хэрэгтэй болно. Энэ чиг үүргээ хэрхэн биелүүлэх вэ.
Улаанбаатар хотод нийслэлээс санхүүжүүлж байсан 160 орон тоог ирэх онд чадахгүй гэдгээ хэлсэн. Та нар зам дээрээ гарч автомашины хөдөлгөөн зохицуулах юм уу. Хотын зам зохицуулж байгаа 160 залууг хасах болж байна.
50 хувь хувилж байна гээд 80-ыг нь хасах юм уу. Тэртэй тэргүй хүмүүс нь хүрэлцэхгүй байна. Хэмнэх гэж байгаа бол гоё сайхан попорч байсан тэр зардлуудаасаа хасаач. Орон тоо нь 2000, 6000-аар дутаж байгаа байгууллагаас мөнгө авах гэж байгаа боль. Хэмнэх зөндөө мөнгө байна.
Усны цэвэр хангамжийг нь хамгаалах гэж байгаа Баян-Өлгий 42, Булган 46, Говьсүмбэр 50, Дундговь 54, Завхан 50, Сүхбаатар 58, Сэлэнгэ 46, Төв 50, Увс 54, Яармаг нацос, Чингэлтэй нацос, Хайлааст, Чингис, Даланзадгад Мөрөн. Энэ бүхэн ундны усны эх үүсвэр хамгаалах дотоодын цэргийн орон тоо. Ажлын хэсгийнхэн одоо хэлчих, аль аймгийг хасах юм.
Улаанбаатар хотынхон ундны усны эх үүсвэрээ Дотоодын цэргээр хамгаалуулж болдог, хөдөөгийнхөн болохооор болохгүй гэдэг ийм юм руу очиж байна. Хууль сахиулах байгууллага аль чиг үүргээ дутуу гүйцэтгэж болох юм хэлээд өг. Эсвэл хуулиар үүрэг хүлээлгэчихсэн, шинээр ажил үүрэг өгчихсөн энэ хууль тогтоомжоо хүчингүй болгоод өг.
Хууль сахиулагч нар дээр арай ядан нэмэгдэж байгаа зардлыг хасч байгаа бол бүгдээрээ цалин авахаа болъё л доо” гэв.