УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Цэнгүүн өчигдөр /2024.12.09/ Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарах болсноо мэдэгдсэн. Гарах болсон шалтгаанаа “2025 оны төсөвт 8 тэрбум төгрөгийг Эрчим хүчний үндэсний хороо хэвлэл мэдээллийн зардалд тусгасан байгааг би олж мэдээд цочирдсон. Энэхүү хариуцлагагүй, сэжигтэй үйлдлээс шалтгаалж энэ хорооноос гарч байна” хэмээсэн.
Энэ талаар Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд “Өнгөрсөн 10 сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф өөрчлөгдсөн, бодлого өөрчлөгдсөн. Зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна. Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулчихсан юм билээ.
Эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гаргаж буй. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Тэр маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна.
Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Бид тролл санхүүжүүлдэггүй. Бидний ирэх жилийн хүсэлт 18 тэрбум байсан, хасагдаж явсаар одоо 11 тэрбум төгрөг. Үүнээс ажлын албаны зардал 11 тэрбум. Энэ бол орон байр, цалингийн зардал. Найман тэрбумаас 500 саяас 1.5 тэрбум төгрөг нь л хэвлэл мэдээллийн зардал болохоос бусад нь суурь судалгаа, зөвлөх үйлчилгээ, бодлогын бичиг баримтын зардал юм.
Бие биеэ харддагаа болимоор байна. Бүх мэдээлэл ил тод, аваад үзэх хэрэгтэй. Улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн ачааллыг авахдаа ердөө 8-10 тэрбумаар зардлаа шийдэж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага. Олон улсад бол 6-15 хувь байдаг. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй” гэлээ.