“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зарим сайд нар УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга чуулганы хуралдаанд ирээгүй сайд, гишүүдэд сануулга өглөө.
одоогоор чуулганы танхимд УИХ-ын дарга болон хэдхэн гишүүн, мөн хэлэлцэж буй асуудалтай холбоотой ажлын хэсэг хэмээн дуудагдсан цөөн хэдхэн Төрийн нарийн бичгийн дарга нараас өөр хүн алга.
Гишүүдийн зүгээс салбарын сайд нарыг парламентад хүндэтгэлгүй хандаж байна, Засгийн газар асуудлаа оруулж ирж хэлэлцүүлж байгаа ч гишүүд нь өөрсдөө алга, бид асуултдаа хэнээс хариулт авах вэ гэхчлэн шүүмжлэл тавьсан.
Гэсэн ч нэгдсэн хуралдаан нээснээс хойш танхим дахь гишүүдийн тоо цөөрсөөр хэдхэн гишүүн үлдэв. Энэ үеэр хувьчлалтай холбоотой асуудлыг тодруулсан гишүүнд хариулт өгөх албан тушаалтан байсангүй.
Аргаа барсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хувьчлал мэдэх хүн байна уу. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга хариулах гээд үзэх үү” хэмээн асууж сууна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жилийн ажлын төлөвлөгөө хэлэлцэж байхад салбарын сайд нар хагас дутуу, байхгүй байна.
Тиймээс салбарын сайд нарыг суулгаж байж хөгжлийн төлөвлөгөө, төсөв хэлэлцүүлмээр байна. УИХ-д хүндэтгэлгүй хандаж буй сайд нарыг нэр усаар нь цолло. Зарим нь орон нутагт улс төр хийгээд явж байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Н.Учрал сайд аа ирээгүй Засгийн газрын гишүүдээ дуудаарай. Өнөөдөр санал хураалттай гэдгийг ойлгож байгаа байх. Орон нутгийн сонгуулийн асуудлаар 20 гаруй гишүүн чөлөө хүссэн бичиг ирүүлсэн. Би албан ёсоор чөлөөнд гарын үсэг зураагүй.
Сүүлийн үед зөвшөөрөл хүссэн бичиг өгчихөөд зөвшөөрөл авчихсан гэж бодож яваад байна. Зөвшөөрөл өгөх эсэхийг УИХ-ын дарга чуулганы ирц, хэлэлцэх асуудлын цар хүрээтэй холбоотой шийдвэрлэдэг.
Гэтэл бичиг шидчихээд өөрсдөдөө чөлөө өгөөд явчихсан байна. Тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд хүрэлцэн ирж суухыг хүсэж байна.
Жишээлбэл есдүгээр сарын 30-нд томилолтоор гадагшаа явж буй хүн бичгээ өгчихөөд явсан байна. Энэ ойлголтыг залруулах хэрэгтэй" гэв.