АН-ын гишүүн, Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг "Миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр шийдсэн. Т.Батцогт дарга өмнө нь манай намд хэн ч элсээд, нэр дэвшиж болно гэж хэлж байсан.
Би бол үүний нэг жишээ. Манайхан шууд улс төржүүлээд байгаа. Үүнд ямар ч улс төржсөн зүйл байхгүй. Иргэдийн өмнөөс хуралд сууж буй хүмүүс намын цүнх баригчид биш байх ёстой.
Иргэдийн төлөө тэмцэж чадах хүмүүс иргэдийн төлөөлөгчийн хуралд байх ёстой. Ингэснээр шударга, гоё болох гээд байна. Бидний систем намын цүнх баригч, хамаатан садан байгаа. Үүнийг жаахан ч гэсэн өөрчлөх хэрэгтэй.
Миний хувьд алслагдмал, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололтой бүсэд нэр дэвшсэн. Улаанбаатар хотод зарим газартаа аз жаргалтай амьдарч байгаа байх.
Зарим газар нь маш хөгжилгүй байна. Ер нь тухайн газарт нь хөгжлийг авч очвол заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй. Алслагдмал газарт хотын соёл, соён гэгээрлийг хүргэх хэрэгтэй. Энэ тал дээр хувь хүний зүгээс илүү анхаарч дуугарах болно.
Би хэзээ ч улс төрч болно гэж боддоггүй. Би улс төрч биш, чөлөөт уран бүтээлч. Өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг хүн. Нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүн уран бүтээлдээ шүүмжилж байдаг. Би үүний дуу хоолой байсаар ирсэн. Энэ бол миний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй зүйл юм" хэмээн ярилаа.