Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр МАН-ы жагсаалтын 48 гишүүнийхээ хамт МХАҮТ-д бизнесийн салбарынхантай уулзах байсан. Энэхүү уулзалтад “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр очно гэдгээ энэ сарын 15-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдээд байсан юм. Гэсэн ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бизнесийн салбарынхантай хийх уулзалтаа цуцалжээ. Ямар шалтгааны улмаас уулзалтаа цуцалсан нь тодорхойгүй байгаа юм.
Уулзалтыг зорин очсон “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаанаас хувийн хэвшлийнхэн маш их хохирч байгаа. Энэ ч үүднээс “Үндэсний Эвсэл” “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” уриатай мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хүрээнд бид хувийн хэвшлээ эрх зүйн болон эдийн засгийн аргаар дэмждэг болох тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. “Үндэсний Эвсэл” хувийн хэвшлийг хамгаалах улс төрийн баримжаатай улс төрийн хүчний хувьд энэхүү уулзалтад зайлшгүй ирэх ёстой. Хувийн хэвшлийнхний хэлж чадахгүй үгийг хэлж, тулгамдсан асуудлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцъя гэсэн боловч харамсалтай нь ирсэнгүй. Ямар учир шалтгаанаас гэдгийг нь хэлж мэдэхгүй байна” гэлээ. Мөн тэрээр “Энэ уулзалтыг анх зохион байгуулна гэдгийг сонсоод Л.Оюун-Эрдэнэ ямар нүүрээрээ хувийн хэвшлийнхэнтэй нүүр тулж уулзах гэж байгаа юм бол гэж бодогдсон. МАН бүх хувийн хэвшлийг элгээр нь хэвтүүлсэн. 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт татварыг нэмэхгүй гэсэн ч нэмсэн. Нийгмийн даатгал, НӨАТ, санхүүгийн эх үүсвэрийг бууруулна, эдийн засгаа тэлэх дэд бүтцийг байгуулна гэсэн ч хэрэгжсэн нэг ч зүйл байхгүй. Хувийн хэвшлийг хямралд оруулах бодлогогүй үйл ажиллагааг маш их хийсэн. Өнөөдөр ажил олгогч нь төр болчихсон. Түүнийг дагаад төсвийн үргүй зардал, татвар, НДШ нэмэгддэг. Дундаас нь хулгай үүсдэг. Тэр бүрийг яривал “Хүрээний бузрыг яривал далай” гэгч л болно” гэлээ.