"МАН төрийн албан хаагчдыг сонгуульд дайчилж байна" гэлээ

"МАН төрийн албан хаагчдыг сонгуульд дайчилж байна" гэлээ


5 сар

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Сонгуулийн тухай хууль зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ  

"Эрх баригч МАН-ын зүгээс төрийн алба хаагч, төрийн тусгай алба хаагчдыг сонгуульд дайчлан, ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүст дарамт учруулж байна"

Шударга сонгууль явуулах тухай хүсэлтийг АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ. 

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Сонгууль болоход сар орчмын хугацаа үлдсэн байна. Шударга сонгууль явуулахын тулд Ардчилсан намаас маш ёс зүйтэй хандаж байгаа. Ардчилсан намын төв штаб буюу Сонгуулийн эрхэлсэн байгууллагын хүрээнд ажлуудаа амжилттай хэрэгжүүлсээр байна. 2024.05.25-ны өдөр Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллагаас 126 нэр дэвшигчийн нэрийг СЕХ-д албан ёсоор хүргүүлсэн байгаа. Нийт 126 нэр дэвшигчийг үндсэн улс төрийн туршлагаар нь авч үзвэл 102 нь өмнө нь УИХ-ын гишүүн болон төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй салбартаа тэргүүлэгч шинэ залуусыг оруулж ирсэн. Үлдсэн 24 нь УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж, сайд, дэд сайдын түвшинд ажиллаж байсан хүмүүс байна. Нийт 126 хүнийг жендерийн хувьд авч үзвэл 88 эрэгтэй, 38 эрэгтэй буюу Сонгуулийн тухай хууль ёсоор эмэгтэй жендерийн төлөөллийн 30%-ийг Ардчилсан нам хангасан байна гэдгийг онцоллоо. Мэргэжлийн хувьд багш, эмч, инженер, эрх зүйч, сэтгүүлч, улс төр судлаач гээд бүх салбарын төлөөллийг нэр дэвшүүлж байгаа бөгөөд бакалавр, магистр, доктор, профессор түвшний хүмүүс байна гэв.

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн байгууллагуудад шударгаар сонгуульд орно, энэ удаагийн парламентын сонгууль шинэ үеийг гаргаж ирнэ, зарчимтай байна гэх мэдэгдлийг байнга явуулдаг. Энэ мэдэгдлүүддээ хүрээрэй гэж АН-аас шударга сонгууль явуулах уриалгыг хүргүүлж байна. Шаардлага яагаад гарах болсон бэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн хоёр хүний асуудал хэвлэлээр явагдаж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг хүн дээр цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

2024.04.12-14-ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт 1000 оюутны сагсан бөмбөгийн тэмцээн зохиох үеэрээ 1000 оюутан тус бүрд 100 мянган төгрөгийг тарааж УИХ-ын сонгуульд зөвхөн өөрийгөө дэмжээрэй гэх агуулгаар мөнгө тараасан байна.

 

Эдгээр оюутнуудын төлөөлөл хуулийн байгууллагад үнэн зөв мэдээллийг өгч байна. Нийт иргэддээ хэлэхэд хэрвээ танд хэн нэгээ мөнгө тараахаар завдвал Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 81.7-т заагаад өгчихсөн байгаа. Таны мөнгийг 10 дахин үржүүлж өгөхөөр хуулийн зохицуулалт байгаа. МАН-ын зүгээс төрийн алба хаагч, төрийн тусгай алба хаагчдын сонгуульд дайчлан, ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүст дарамт учруулж байна. Шударга төрийн алба хаагчид бидэнд мэдээлэл ирүүлж байна.

 

Төрийн албаны үйл ажиллагаа доголдож байна. Эдгээр хүмүүсийг ажлыг нь хийлгээч ээ, төрийн алба хаагчдад дарамт учруулж өөрийнхөө сурталчилгаанд ашигладаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Ийм шаардлагыг хүргүүлж байгаа юм.

 

Шинэ хоршоо нэртэй хөдөлгөөн хөдөө орон нутагт үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаандаа төрийн алба хаагчдыг дайчилсаар байна. Монгол Улсын төсөвт байхгүй хэлбэрээр ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл өгч байгаа нь дараагийн хадгаламж зээлийн хоршоо болох эрсдэлтэй байна. Сонгууль дуусна, сонгуулийн дараа асар олон хүн өртэй үлдэнэ. Ямар нэгэн гарц, гаргалгаа байхгүй, яг юу хийх нь ойлгомжгүй байдалд төр батлан даалт гаргаж бэлэн мөнгө тарааж байна. Оны төгсгөлөөр инфляцын түвшин хоёр оронтой тооноос давна. Мөнгө үнэгүйднэ, долларын ханш өснө. Үүн дээр эдийн засагч хүмүүс нь тайлбар хийх ёстой байгааг илэрхийллээ.

Ардчилсан намын ХМОНХГ-ын дарга Б.Соёлтуяа: Эрх баригч намын хувьд татварын бодлого маш сул байдаг. Аливаа нийгмийн чинээлэг, дундаж давхарга нийгмээ бүтээдэг. Манай улсад энэ байдал яг эсрэгээрээ байгаа. Бизнес эрхлэгчдээ дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд Ардчилсан нам ямагт тэргүүн зэргийн бодлого баримталж ирсэн. Улаанбаатар хотод хавар, намар бүрд брожур тавьж, унтаад сэрэхэд зам тавьдаг боллоо. Энэ нь нэг борооны насгүй зам боллоо.

Ардчилсан намын СЕБ-ын менежер: 2024-2028 оны хооронд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн, өнгө аяс ямаршуухан байх вэ гэдэг чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Тэр ч утгаараа АН-ын Сонгуулийн төв штаб бэлтгэл ажилдаа оролцож байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1300 орчим иргэнийг зөвхөн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан тоо баримт байна. Энэ нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жилээс жилд хумигдаж байгааг илэрхийлж байна. Дэлхий дээр хоёр үндсэн хувилбар байна. Төр нь иргэдийн, өрхийн амьжиргаа, нийгмийн өнгө төрхийг өөд нь татдаг уу эсвэл аж ахуй нэгж байгууллагууд нь улс орноо өөд нь татдаг юм уу гэсэн чиг хандлагууд бий болсон байна. Сүүлийн 8 жил бид яс, махандаа шингэтэл ойлголоо. Монголын төр иргэдийнхээ, өрхийнхөө амьжиргааг дээш нь татаж чадахгүй байгааг мэдлээ. Манай улсын орлого улам бүр нэмэгдэж байгаа ч өрхийн амьжиргаа нэмэгдэхгүй байна. Энэ нь төр, дарга нар бүхнийг шийддэг ийм хувилбар руу улам хэлбийсээр байгааг илэрхийлж банйа. Манай нам бол иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийнхээ зоригийг бий болгодог. Тэр ч утгаараа бид бизнес эрхлэгчдийг төр дарамталж байгаа бүх цаг үед цаг ямагт дуу хоолойгоо хүргэнэ.

Ардчилсан намын гишүүн: Ш.Отгон-Өлзий: АН-ын шинэчлэлийн Засгийн газрын үед нийслэлийн 33 уулзваруудыг шинэчлэх, 21 аймгийг авто замаар холбох гээд 4 жилийн хугацаанд 3000 км замыг маш амжилттай тавьж байсан. МАН-ын хувьд 3000 км хүрэхгүй замыг 100 жилд тавьж байгаа дүр зурагтай байна. Хамгийн тод жишээ бол Улаанбаатар-Дархан хоорондын 220 км замыг сүүлийн 8 жилийн хугацаанд хийж байна. Энэ байдлаас нь болж хэдэн арван хүний амь нас үргэдэж буй эмгэнэлтэй дүр зургууд харагдаж байна.

 

Ардчилсан нам бүтээн байгуулалт хийж чаддаг, хэрэгжүүлж чаддаг нам гэдгээ нотолсон. МАН 2024 оны ээлжит сонгуулийг угтаж нийслэл хот дахь зам, уулзваруудыг хааж эвдрэл, гэмтэлгүй замуудыг 1-2 шөнийн дотор шинэчлэх ажлыг хийж байна.

Асуудлыг шийдэж, шинэчлэх бол хотын баруун цэгээс цэг рүү нэг замаараа явдаг биш маш олон чиглэлээр явах боломж бүхий замуудыг холбох шаардлагатай. Энэ зун маш их бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Харин тэрхүү 1-2 шөнийн дотор шинэчилж буй замууд нь үерт урсах магадлал маш өндөр байна гэв.

Ардчилсан намын Хуулийн зөвлөх У.Болдхүү: 2023 онд орсон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт байгаа. Үүн дээр Ардын нам, Ардчилсан нам хоёр тусдаа төсөл өргөн барьж дундын хувилбараар баталсан. Үүнтэй холбоотой Сонгуулийн хуульд тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнд ороогүй арга хэмжээ, шинэ амлалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг эрх барьж байгаа намд хориглосон.

Гэхдээ өнөөдөр МАН амлалтаасаа ухарч “Шинэ хоршоо” гэх төсөл хөтөлбөрийг шинээр оруулж, үүнтэй холбоотойгоор тус хоршооны зарцуулалт улсын төсөвт суусан. Гэвч Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд туссан зохицуулалт байхгүй. Үндсэндээ төрийн албаны маш том бүтцийг фронт байдлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр явуулчихсан. Сум бүр дээр 2 хүн ажиллаж байна. Тэр хүмүүс нь зам ангийн засварчин инженер, авто тээврийн инженерүүд гээд дайчлагдаж байна.

 

Монгол Улсын 330 гаруй сум, суурин газарт ар гэр, үр хүүхдээ орхиод дайчлагдан ажиллаж байна. Бидний зүгээс мөн 21 аймаг, 9 дүүрэгт хяналт тавин ажиллаж байна.

 

Сонгуулийн тухай хууль нь өөрөө мөнгө тараах ажил болчихсон. УИХ-ын бүсчилсэн тойрог нь мөнгө тараах хэрэгсэл болоод байна. Маш тодорхой жишээ гэвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн дүү Х.Отгонбаяр нарын тойрогт гэхэд л сонгуулийн хуульд зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл, ухуулах байр, ухуулагч, шадар туслах, менежер, намын ажилтан гээд хуулийн дагуу мөнгө авч, ажиллах боломжтой хүмүүсийг гаргахад л 15 мянга 300 орчим хүн байна. Энэ бол тухайн тойрог дээрх нийт сонгогчдын 15% юм. Энэ нь нийт сонгогч өрхийн 22% байгаа юм. Зөвхөн нэг нам энэ тоог бүрэн ашиглаж гэрээ хийх нь хуульд нийцэж байна гэв. 

 Сонгуулийн тухай хуулиар ухуулагчийн ажлын хөлс нь 330 мянга гээд тогтоочихсон. Гэвч бидэнд ирж буй мэдээллээр 500 мянга, нэг сая хүртэлх үнийн дүн яригдаж байгааг илэрхийллээ.

 

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү