Ашигт малтмалын лизенз олгох, шилжүүлэх асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын нээлттэй сонсгол үргэлжилж байна.
Эхний өдөр хамгийн олон лиценз эзэмшиж буй ААН болон хувь хүнийг шинжээчийн мэдээлэлд үндэслэн нэрлэлээ.
Энэ жагсаалтыг ААН-ээс МАК, хувь хүнээс Н.Нямтайшир болон түүний гэр бүл тэргүүлсэн нь анхаарал татав.
МАК-ийн хувьд хайгуулын 7, ашиглалтын 19 буюу нийт 26 тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Харин шинжээчид МАК-аас гадна "МАК цемент"-ийн ордыг хамтатган тоолж, хамаарал бүхий компаниудаараа нийт 41 лиценз эзэмшдэг гэдгийг тодотгов.
Ингэхэд, МАК-ийн хувьцаа эзэмшигч нэг бүр нь Монголын хамгийн олон лиценз эзэмшдэг хувь хүмүүс болж байна. Тодруулбал,
- Б.Нямтайшир - 41
- Түүний эхнэр Д.Хулан - 40
- Хүү Н.Номтойбаяр - 40
- Охин Н.Цэлмүүн - 40
- Хүү Н.Мөнгөншагай - 40 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Дээр тодотгосончлон, эдгээр нь давхардсан тоо. МАК, "МАК цемент", тэдгээрийн охин компаниудын эзэмшдэг лиценз нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч нэг бүр дээр бүртгэгдэн тоолсноор ийм дүн гарч байна.
Шинжээчийн хувьд "Нэг компани хамаарал бүхий хуулийн этгээд, охин компаниар дамжуулж, хэд хэдэн лиценз эзэмшиж байна. МАК-ийн хувьд хамаарал бүхий гурван ААН-тэй, тэдгээрийн лицензийг нэгтгэвэл 41 байна" хэмээн тодотгосон юм.