Б.Энх-Амгалан: Сонсголд нотлох баримт нэмж гаргах, шинээр гэрч дуудах шаардлага гарч байсан

Б.Энх-Амгалан: Сонсголд нотлох баримт нэмж гаргах, шинээр гэрч дуудах шаардлага гарч байсан


6 сар

   "Ашигт малтмалын лиценз"-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр болж байна. Хоёр өдөр үргэлжлэхнээлттэй сонсголын эхний өдөр Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудал; Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд хоёр багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авч байна.

           Энэ үеэр Хянан шалгах түр хорооны гишүүн, сонсгол даргалагч Б.Энх-Амгалан "Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг ард түмний мэдлэг, төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлаж, одоо, ирээдүйн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 28-р зүйлийн хоёр дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар түүний хэвлий тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах тайланг танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан. УИХ-аас байгуулагдсан өмнөх Түр хороотой харьцуулахад бид маш богино хугацаанд буюу нэг сар орчим хугацаанд ажиллалаа. Гэхдээ энэ хугацаанд хийсэн ажлаараа буюу нотлох баримтаараа энэхүү сонсголыг хийж байна. Сонсголын тов дуудах гэрчийн нэр батлагдсаны дараа хамаарал тогтоох шалгалтаар нотлох баримт нэмж гаргах, шинээр гэрч нэмж дуудах шаардлага гарсан" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү